Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн судлаачдын төлөөлөл оролцож буй “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал (2023.01.04) дөрвөн салбар хуралдааны дараа нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв.
Улс төр, засаглалын асуудлаарх нэгдүгээр салбар хуралдааны дүгнэлтийг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны асуудлаарх хоёрдугаар салбар хуралдааныг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн нар танилцууллаа. Нэгдүгээр салбар хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр хууль эрх зүйн орчныг сайжруулан нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх; Үндсэн хууль дахь сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тооны асуудлыг шинэчлэх; Үндсэн хуулийг бүрэн шинэчлэх асуудлыг нэн яаралтай авч хэлэлцэх зэрэг нэгтгэн дүгнэх боломжгүй өөр өөр саналууд гарсан талаар О.Машбат захирал танилцуулсан. Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны асуудлаарх салбар хуралдаанаас Бүх шатанд сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх; Шударга ёс, эрх зүйт төр, ёс зүйн асуудлыг суурь боловсролоор дамжуулан хүүхэд залууст хүргэх эрх зүйн тогтолцоог бий болгох; Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд инфляц, мөнгөний ханшийг тухайлан хариуцах зохицуулалтыг хийх; Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох тэргүүтэй саналууд гарсан талаарх дүгнэлтийг тус салбар хуралдааны чиглүүлэгчээр ажилласан ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн танилцууллаа.
Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт сэдвээрх гуравдугаар салбар хуралдаанаас бүсийн төвүүд рүү чиглэсэн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн захиргааны байгууллага болон их, дээд сургуулиудыг хотын төвөөс шилжүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээг хотын захын хэсгүүдэд хүргэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах тэргүүтэй саналыг 11 оролцогч хэлсэн талаарх дүгнэлтийг доктор Ч.Хашчулуун танилцуулав. Баялгийн сан: Шударга хүртээмжтэй хуваарилалт сэдэвт дөрөвдүгээр салбар хуралдааныг ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, доктор, академич А.Бакей чиглүүлэгчээр ажилласан. Тус салбар хуралдааны үеэр баялгийн сангийн засаглал, менежментийг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглалтын бодлого, эрх зүйн орчинг сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний баялгийн санг хэрхэн олон нийтэд тэгш, хүртээмжтэй хуваарилах талаарх саналууд гарсан талаар дүгнэлтдээ дурджээ.
Ийнхүү “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өндөрлөж, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, доктор, профессор Д.Лүндээжанцан хааж үг хэллээ.
Нийгэмд хуримтлагдсан гарц шийдэл хүлээж байгаа олон асуудлаас нэн тулгамдсан дөрвөн асуудлыг сонгон эрэмбэлж, хэлэлцсэн гэдгийг дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд танилцуулсан үндсэн дөрвөн илтгэл болон салбар хуралдаануудаас тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар оролцогчдоос үнэтэй санал, зөвлөмжүүд гарчээ. Тулгамдсан асуудлын хүрээнд 75 сэдэв хөндөгдсөн байна” гэлээ.
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахаар товлож, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулаад байгааг доктор, профессор Д.Лүндээжанцан эрдэм шинжилгээний бага хурлын оролцогчдод дуулгасан.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал нь зөвлөлдөх санал асуулга явуулахад чухал ач холбогдолтой болсон хэмээн дүгнэж буйгаа Д.Лүндээжанцан зөвлөх тэмдэглэв. Эрдэмтэн, судлаачид улс орны хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулан гаргаж, гарц, шийдлийн хувилбарыг тодорхойлоход шийдвэр гаргагчдад ихээхэн дэм болоод зогсохгүй зөвлөлдөх санал асуулгын хүрээнд иргэдээс асуух, зөвлөлдөх шаардлагатай асуудлуудын хүрээг тодорхойлох, санал асуулгын хуудас боловсруулахад ихээхэн чухал ач холбогдолтой мэдээллийн эх сурвалж болон ашиглагдана гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд хийгдэж буй, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг шинжлэх ухааны үүднээс тогтоох зорилготой эрдэм шинжилгээний бага хурал үүгээр өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.