Нийтлэлч Г.Улсболд. www.time.mn
Хавар удахгүй, хаяанд. Энэ оны хавар бол УИХ-ын сонгуулийн жилийн өмнөх хавар. Улс төрийн хувьд тогтворгүй байдаг, улстөрчдийн, иргэний нийгмийнхний идэвхждэг энэ утгаар нь “хаврын синдром”-ын оргил цаг үе.
Эрх баригч МАН-ын үнэмлэхүй ялсан хоёр удаагийн сонгуулийн үндэс нь Монголын салбар бүрт салаалан хэрсэн, үр шимээ хүртэн, сүлжээгээ тэлсэн, КОВИД-ын хуулиар тогтоосон тусгай дэглэмдээ тух мэдэрсэн үе. Сөрөг хүчин АН-ын хувьд өнгөрсөн 30 жилд эрх мэдлийн өрмийг нь хамсан лидерүүдийнхээ зөрчилд хэрчигдэж, “ардчилсан” гэх тунхагаас өөр амин сүнсгүй болтлоо туйлдсан үе таарч байна. Гэхдээ сайн нь тэд эвлэрч, нэгдэх тал руугаа чиглэн дүгнэлтээ хийцгээсэн бол МАН-ын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газрын зөрчлөөр түүх давтацгаах аж. Хаврын улстөржилт, ирэх жилийн сонгуулиас наана цул байгаа дээрээ, олуулаа байгаа дээрээ дараа, дараагийн парламентад хүч дутаад хийж чадахгүй томоохон өөрчлөлтүүдийг барьж авч хийе гэж байгаа нь харин сайн байна. Хугацаа бага байна даа.
Юун түрүүнд Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтын хууль, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг ирэх хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр байна. Өнгөрсөн хугацаанд багагүй ярьсан эдгээр хуулийг үнэхээр өөрчилье гэж байгаа бол 2023 оны зургадугаар сард л амжих ёстой. Хуультай, хугацаатай учраас түүнээс хойш болохгүй. Эрх баригч нам дотооддоо, Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намтай, иргэний нийгмийнхэнтэй зөвшилцөж, зөвлөлдөж байж явах ажил хавар таарч байна.
Хоёрдугаарт гэвэл, Монгол Улсад 30 жилийн өмнө явсан хоёр том реформ дахин хийгдэх тухай яригдаж байна. Эхнийх нь, төрийн өмчийн реформ, хоёр дахь нь газрын реформ. ГОК, Төмөр зам, Төмөрлөг, Хөтөл, Тавантолгой, Оюутолгой тойрсон улстөр, эрх мэдлийн зодоон, эдийн засаг, авлигыг цэгцлэх түүхэн цаг үе нь өнөөдөр таарч, Төрийн өмчийн багц хууль батлагдах нь гэсэн хүлээлт үүссэн. Нөгөөтэйгүүр, түгжрэл, агаарын бохирдол, хот байгуулалтын алдааг үүсгэсэн газрын нэгдсэн менежмэнтийг засч, малчин-тариачин, нутгийн иргэн-хөрөнгө оруулагч, байгаль орчин-уул уурхай гэсэн эсрэгцлийг тэгшитгэх үндэс суурийг Газрын багц хуулиар засна гэсэн чимээ гарч байна.
1992 оны Үндсэн хуулийн дараах газрын наймааг, луйврын хувьчлалыг МАН 30 жилийн дараа давтах гэж байна гэдэг улстөржилтөөс айгаад мохчихгүй бол хугацаа алдалгүй хулгайг зогсоох цаг үе юм даа. Дараагийн парламентад гарч ирэх олон өнгө, тамга, бодолтой нөхөд хууль батлах босгыг өндөрлөсөн өнөөгийн дүрмээр томоохон реформыг хийж чадна гэдэг даанч эргэлзээтэй. Газрын, төрийн өмчийн гэх хоёр реформтой зэрэгцээ явсан тэтгэврийн, боловсролын гэх суурь шинэчлэлийн сураг алсарсан байгаа нь нөгөө хоёрынх нь ажил явах нь гэсэн итгэл төрүүлээд байгаа учраас энд бичлээ.
“АЯГА ДҮҮРЭН ШӨЛИЙГ БҮГДИЙГ НЬ УУЛГҮЙ ХОЁР ХАЛБАГАДАХАД ДАВСТАЙ ЭСЭХ НЬ МЭДЭГДЭНЭ”
Аливаа томоохон өөрчлөлт Ардчилсан оронд нийтийн санаа бодол, нийгмийн дэмжлэгийг шингээж байж л цааш үргэлжилнэ. Дүлий төрд үгээ хэлэх гэсэн, шударга бус явдалд дургүйцсэн олны бухимдлын дөнгөж зах нь шинэ оны өмнө Сүхбаатарын талбайд цухуйлаа шүү дээ. Авлигын хэргийн ялын бодлогыг чангалууллаа, нүүрсний хулгайн гэх хэргийг шалгах ажил эрчимжлээ. Хэдий жагсаал зорилгодоо хүрээд тардаг нь жам боловч нэгэнт тэмцэл эхлүүлснийх үгээ үнэд хүргэх боломж дахиад гарч байна. Хаврын урд, хавар, намрын чуулганы завсарт “Зөвлөлдөх санал асуулга” явуулах тухай УИХ-ын 80 дугаар тогтоол гарсан нь тулгарсан асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх зорилгын хувьд оновчтой шийдэл гэж үзэж байна. УИХ зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдээс гаргасан саналыг харгалзаж бодлого шийдвэрээ гаргадаг хэлбэр рүү хэвшил болгон орох гэж байгаа юм байна.
Зөвлөлдөх санал асуулгыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа юм биш. Зөвлөлдөх гэдэг нь “Аливааг тогтоох, төлөвлөх үйл хэргийг олноороо хамтран хуралдаж, шүүн хэлэлцэх”-ийн нэр болохыг Монгол хэлний их тайлбар тольд бичсэн нь буй. Өмнө нь 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөд зориулж санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 өрхийн тус бүр нэг хүнээс хуульд тусгах саналыг нь авч байсан бол энэ удаагийнхыг илүү өргөн сэдвээр, нийгэмд тулгарсан олон асуудлаар дээрхийн адил санамсаргүй сонгогдсон 1570 өрхөөс авахаар төлөвлөжээ. Энэ нь хоёр шаттай, иргэдийн саналыг судалгаа, тооллого явуулж дадсанаараа статистикчид цуглуулна. Яагаад 18, түүнээс дээш насны 2 сая иргэнээсээ асуухгүй байгаа юм гэвэл “Аяга дүүрэн шөлийг бүгдийг нь уулгүй хоёр халбагадахад давстай эсэх нь мэдэгдэнэ” гэж тэдний хэлдэг үгийг сануулж болохоор юм.
Тэгэхээр 1570 хүн бол баялгийг тэгш хуваарилах, засаглал, хот байгуулал, улс төрийн тогтолцоо зэрэг сэдвээр, нэг ёсондоо Монгол Улсын төрийн бодлогод иргэдийн бодлыг тусгуулах чухал үүрэгтэй хүн байх нь. Тэдгээр 18 ба түүнээс дээш насны хүмүүсийг 2020 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас санамсаргүй түүврийн аргаар энэ сард багтаан компьютер сонгоно. Улмаар нэгдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд гэрээр нь очиж эхний санал асуулгыг бөглүүлэх юм. Саналаа өгөх хүмүүсийн 720 нь нийслэлийн, үлдсэн нь орон нутгийн иргэд байх нь ээ. Тэднээс асуух асуултыг нам бус, эрдэмтэн, иргэний нийгмийнхнээс нэр дэвшсэн 138 хүнээс нууц санал хураалтаар сонгогдож Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажиллах 11 хүн боловсруулна. Дээрх хүмүүсийг уг нь УИХ-ын ажлын хэсэг сонгохоос илүүтэй "томилгооны сонсгол" гээчээр оруулж сонгосон бол хүлээн зөвшөөрөгдөх магадлал ихсэх байв. Төлөөлөл хангаж чадахгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй нөгөө л хүмүүс гэсэн хэл ам гардаг шүү дээ.
Удаах шатны санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 14-нд явуулах юм. Энэ санал асуулгад өмнө нь хамрагдсан 1570 өрхийн 1570 иргэний 50-иас доошгүй хувийг хамруулах хуультай. Тэднийг бүр хотод авчирч зөвлөлдүүлнэ. Тэр хүмүүст шийдэл гаргах асуудлаар нь эрдэмтэн, судлаачид эерэг, сөрөг талаас нь мэдээллийг тэнцвэртэй хүргэж мэдээлэлтэй болгох нь мэдээлэлгүй өгсөн эхний санал хураалтаас үүгээрээ ялгаатай. Ингэж хоёр талын мэдээлэлтэй болсон иргэд өмнө нь бөглөсөн санал асуулгыг дахин шинээр бөглөснийг Зөвлөлдөх зөвлөлийнхөн нэгтгэн дүгнэж, 18, түүнээс дээш насны 2 сая иргэнийг төлөөлөх санал асуулгын дүнг УИХ-д зөвлөмж болгож өгөх юм. Энэ хугацаа нь 2023 оны хоёрдугаар сарын 20 байх нь ээ. УИХ-ын хаврын чуулган эхлэх үед дээрх зөвлөмжийг хүргүүлж, энэ дагуу дээр дурдсан асуудлуудаар шийдвэр гаргахдаа харгалзаж байх луужин болгох юм билээ.
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГАД 18, 19 НАСНЫХНЫ САНАЛ ГЭЭГДЭХ ЭРСДЭЛ БАЙНА
ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболдын танилцуулснаар түүвэр судалгааг магадлалт болон магадлалт бус гэж ангилдаг юм байна. Зөвлөлдөх санал асуулгад магадлалт түүврийн төрлүүд болох энгийн санамсаргүй, системчилсэн, бүлэглэсэн, хэмжээнд пропорциональ магадлалт, кластер түүвэр, олон шатат аргуудаас хамгийн алдаа багатай ХОЁР ШАТАТ КЛАСТЕР ТҮҮВРИЙН АРГА-ыг Үндэсний статистикийн хорооныхон санал болгож байгаа аж. Энэ аргыг ҮХС өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгаа, нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, цаг ашиглалтын судалгаа, жендерт суурилсан хүчирхийллийн судалгаанд ашиглаж иржээ. Сул тал гэвэл, нэг хэсэгт цугласан иргэдийн санаа бодол гэх үү, санал асуулгын дүн ерөнхийдөө ижил гардаг. Түүврийн алдаа их гардаг юм байна. Харин давуу тал нь зардал бага, санал асуулгыг зохион байгуулахад амар, олон улс болон дотоодод илүүтэй туршигдсан арга юм байна.
2017 онд баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд хийдэл гарчээ. Тодруулбал, хуулийн 11.5, 11.6 дахь заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс үүдэж одоогийн 18, 19 настнууд энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгад оролцож чадахгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. 11.5-ыг баримталбал 18 нас хүрсэн бүх иргэнээс сонгуулийн насны 2 сая иргэнийг төлөөлсөн 1570 өрхийн 1570 иргэнийг сонгоно. Харин 11.6-г баримталбал, 18, 19 настнууд оролцох боломжгүй. Учир нь, 2020 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлгүй буюу тэр үеийн 16, 17 настнууд одоо 18, 19 настай байгаа юм. Нэгэнт УИХ-ын 80 дугаар тогтоол “Зөвлөлдөж шийдье” хэмээх улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай юм чинь 18, 19 настнуудын төлөөллийг гээж болохгүй.
Энэ мэт саналыг өчигдөр ҮСХ дээр болсон хэлэлцүүлэг дээр судлаачид хэлж байлаа. Тухайлбал, МУИС-ийн багш Б.Отгонтөгс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хэвтэрт байдаг хүмүүс, нийгмийн эмзэг бүлгийнхэн, хэлгүй, дүлий иргэд, жирэмсэн эхийн саналыг гээж болохгүйг, Отгонтэнгэр Их сургуулийн багц М.Довууч хөдөө орон нутаг, нийслэлд тулгарч байгаа асуудал өөр учраас асуултыг хот, хөдөөгөөр нь ялгаатай боловсруулж, ингэснээрээ илүү нарийн, дэлгэрэнгүй санал авч болохыг, Эм Эм Си Жи компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, өмнөх Зөвлөлдөх санал асуулгыг цаасаар биш таблетаар бөглүүлж авсан нь дараа нь нотлох баримт, архив болгоход хүндрэлтэй, шүүхийн маргаан дээр баримт болж чаддаггүй зэрэг асуудлыг хэлсэн. Мөн МУИС-ийн багш Б.Мягмарсүрэн, Д.Хишигт нар санал асуулгын дүнг хот, хөдөөгөөр, насны бүлгээр, улсын хэмжээнд зэргээр бүлэглэн гаргах нь судалгааны ач холбогдолтой болохыг онцолж байлаа.
Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга явагдах хүртэл 20-иод хоногийн зай байна. Удахгүй томилогдох Зөвлөлдөх зөвлөлийн 11 гишүүн, УИХ-ыг шахаж байгаад санал асуулгын асуултаа захиалах буюу бодлого захиалах боломж юм уг нь. Нэгэнт жагсаал цуглаан хийснийх, нэгэнт дүлий төрд үгээ хэлэх тэмцэл эхлүүлснийх өргөн хүрээтэй, шахуу хугацаанд явагдах Зөвлөлдөх санал асуулгын хамгийн гол зүйл болох асуулт, сэдэв дээр анхаарал хандуулах нь чухал санагдаж байгаа юм. Зөвлөлдөх үйл хэрэг бүгдийн ашигт сонирхлыг илэрхийлэх боломжгүй ч хамгийн дундын хувилбарыг сонгох боломж байдаг.
Эх сурвалж: www.time.mn