Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.04) хуралдаан 11 цаг 43 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 40.3 дахь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлэх нь зүйтэй хэмээн санал гаргасан. Хуралдаан даргалагч энэ дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу “Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийт мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.” хэмээн саналыг томьёолжээ.
Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 41.1 дэх хэсгийн 41.1 дэх хэсгийг 41.2 дахь хэсэг болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн зүйл заалтын дугаар, ишлэлийг нийцүүлж өөрчлөн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтын дагуу дахин санал хураалгах шаардлагатай хэмээн үзсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.
Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид тэргүүн зөвлөх; шадар зөвлөх; жинхэнэ зөвлөх; итгэмжит зөвлөх; зөвлөх цол олгох зохицуулалтын талаарх тодруулгад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хариулт өгөв. Тэрбээр “Бусад улс орнуудын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цолны талаар судалгаа хийж үзсэн ч “байцаагч”, “офицер” гэх зэрэг цол хэрэглэдэг байна. Энэ нь манай нөхцөлд тохиромжтой биш гэж үзээд, дотоодын төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаа судалж үзснээр гаалийн байгууллага “зөвлөх” цол хэрэглэдэг дагуу нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ажлын хэсэг дээр хэлэлцэн шийдвэрлэсэн” гэлээ. Хуулийн төслийн дагуу төрийн тусгай чиг үүрэгт хамаарч, цолтой болсноор тус байгууллагын албан хаагчдын одоогийн авч буй цалин нэмэгдэнэ гэдэг хариулт өглөө. Тодруулбал, шинэ ажилтан 700 орчим мянган төгрөг авч байгаа бол хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 1.2-1.3 сая орчим төгрөг болох юм байна. Байгууллагын төсөв дээр 1.5 тэрбум төгрөгийн цалингийн урсгал зардал нэмэгдэх аж.
Төсөвт төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийт мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлэх зохицуулалтын талаар Б.Пүрэвдорж гишүүн тодруулав. Энэ дагуух орлого буюу жилд 300-400 орчим сая төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны цахимжилтад зарцуулахаар хуульчилж байгаа гэдэг хариултыг ажлын хэсэг өгөв. Гишүүд ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хороны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан нар ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.