“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд тус хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж нэмсэн байна.
Мөн дугаарт Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Ширнэнбаньдын Адьшааг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталжээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигуудаар Төмөрбаатарын Бадрахыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Дашдоржийн Золзаяаг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Эрдэнэчимэгийн Энэбишийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Зоригтын Түвшинтөгсийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Маруушийн Хүрэлбаатарыг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Азуйсэдийн Мөнхзулыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна. Мөн эмхэтгэлд Дүрэм шинэчлэн батлах тухай, Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Дүрэм шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд ажиллах нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийг баталсан бөгөөд уг дүрмийн зорилго нь нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлагын зөвлөл (орон тооны бус)-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Түүнчлэн Журам батлах тухай Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар “Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгох журам”, “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”, “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг тус тус баталсныг уг дугаарт нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ. Мөн Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.