“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын гүйцэтгэх удирдлага, менежер нь уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад үнэ төлбөргүй хамрагдана.” гэж заасан бол Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Талууд өөрөөр тохиролцоогүй бол 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан харилцаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлд хамаарахгүй.” гэж тус тус заажээ. Түүнчлэн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд нийтлэгдсэнтэй холбогдуулан тэдгээр хуулиудад орсон нэмэлт болон нэмэлт, өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ.
Тус шинэ дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолууд нийтлэгдсэн бөгөөд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-III-ийн тусгай албан тушаалын “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч” гэсний дараа “, Монгол Улсын Ерөнхий прокурор” гэж нэмж, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-IV-ийн тусгай албан тушаалын “, Монгол Улсын Ерөнхий прокурор” гэснийг хасахаар тогтоожээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Албан тушаалаас чөлөөлөх тухай, Албан тушаалд томилох тухай, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигуудаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Төмөрпүрэвийн Жаргалсайханыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Данзангийн Сарантуяаг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус чөлөөлжээ. “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигуудаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалаас, мөн Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна. “Албан тушаалд томилох тухай, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилсон бол Төрбатын Шинэбаярыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.
Мөн эмхэтгэлд Үндэсний хорооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Журам батлах тухай, Дүрэм батлах тухай Хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Үндэсний хорооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журам”-ыг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг энэ тогтоолын 2 дугаар хавсралт ёсоор өөрчлөн баталжээ.
“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журам” болон “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг тус тус баталсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 144.3-т заасан төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бол Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журмаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагналд нэр дэвшүүлэх, шалгаруулах, шагнал олгохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.
Түүнчлэн тус дугаарт нийтлэгдсэн “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм”-ийг, 2 дугаар хавсралтаар “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг, 3 дугаар хавсралтаар “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-ийг, 4 дүгээр хавсралтаар “Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны дүрэм”-ийг, 5 дугаар хавсралтаар “Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны дүрэм”-ийг тус тус баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ. Мөн “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.