Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр намын бүлгүүд завсарлага авлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.30/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн болон Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

МАН-ын бүлэг завсарлага авлаа

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав. Тус Байнгын хороогоор төслүүдийг хэлэлцэх үед Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах хэлбэрийг төрөлжсөн болгож тодорхойлох зэрэг чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 33 санал гарсан байна. Тухайлбал, Банкны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулах “банк” болон Хөрөнгө оруулалтын банкны хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдах “хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк”-ны үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй байх тухай зохицуулалт төсөлд нэмснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн хөрөнгө оруулалтын банк мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, түүнтэй адилтгах байдлаар хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх, салбар, хараат болон охин компани байгуулах, Монгол Улсын банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахыг хориглох заалтуудыг тусгаж, гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн 33 ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд зөвшөөрөл авахаар зарчмын зөрүүтэй саналууд гарсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, С.Ганбаатар, Э.Батшугар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Хөгжлийн банкныхаа асуудлыг шийдэж байж Хөрөнгө оруулалты банкны асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Э.Батшугар, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлэн, банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, гадаад валютын нөөцийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх, гадаад орнуудын сайн туршлагыг харгалзсан эсэх, дүрмийн санг ямар индикатороор тогтоох, доод хязгаарыг хэрхэн зохицуулах, банк, санхүүгийн дотоодын зах зээлд өрсөлдөхгүй байх зохицуулалтыг яаж тусгасан, томоохон төслүүд, компаниудын 49 хүртэл хувийг гадаадын хөрөнгө оруулагч банкууд аваад эдийн засагт нөлөөлөхүйц хувь хэмжээг эзэмшээд ороод ирэхгүй байх нөхцлийг хэрхэн зохицуулсан гэх зэрэг асуулт асуув. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван эдгээр асуудлууд хуулийн төслийн аль хэсэг, зүйл заалтад туссан талаар дэлгэрэнгүй хариулт өглөө. Хуулийн төслийн боловсруулах хүрээнд гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллага, групп компани, корпорациудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцоход хууль хэрхэн батлагдахыг харж, хүлээж байгаагаа илэрхийлж байсныг Монголбанкны дэд ерөнхийлөгч гишүүдийн асуултад хариулахдаа онцлон дурдсан юм.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, санал хэлж дуусаны дараа Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл бол 2016 онд өргөн баригдсан, хоёр парламент дамжиж хэлэлцэгдэж байгаа чухал хуулийн төсөл учраас бүлгийн гишүүдийн хүрээнд тогтож ярилцах үүднээс гурван хоногийн завсарлага авах хүсэлт тавив. МАН-ын бүлгийн даргаас тавьсан хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл завсарлахаар боллоо.


АН-ын бүлэг завсарлага авлаа

Үүний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, тендер шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдан авах ажиллагааг төлөвлөхөөс эхлэн гэрээ дүгнэх хүртэлх бүх үе шатны мэдээллийг цахим систем (www.tender.gov.mn)-д төвлөрүүлэх, шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн материалыг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаварыг зохицуулах, харилцан мэдээлэл солилцож, тендер шалгаруулалтын хянан үзэх шатны үнэлгээг цахим системээр хийх, бүх үе шатуудад тоон гарын үсгийг хэрэглэх, тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг хянан үзэх, захиалагч, түүний албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэлд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгаснаа онцоллоо. Худалдан авах ажиллагааг цахим систем шилжүүлснээр захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийт давхар хянах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч буюу Засгийн газар үзэж буйг тэрбээр дурдлаа.

Дараа нь хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишуүн Г.Амартүвшин, Ш.Раднаасэд, Х.Баделхан, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нар тендер шалгаруулапттай холбоотой гомдол, маргаан, сахилга, хариуцлага, шууд гэрээ байгуулах, тендерийн баталгаа, улсын нууцад хамаарах үйл ажиллагаатай холбоотой тендер шалгаруулалт, гүйцэтгэгчийн болон хариуцагчийн ажилд орон нутгийн байгууллага хяналт тавих, дотоодын аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгох зэрэг олон асуудлаар асуулт асууж, санал хэлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Д.Өнөрболор, Ш.Адьшаа, С.Ганбаатар, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд, тендерт шалгарч, гэрээ байгуулсан хэрнээ ажлаа хийж чаддаггүй хүмүүст тооцох хариуцлага, хар жагсаалтад оруулах зохицуулалт олигтой хэрэгжихгүй байгаа, яаралтай горимоор шууд гэрээ байгуулах асуудлыг хэрхэн хязгаарлаж байгаа, эх оронч худалдан авалтыг хэрхэн дэмжих, мөн захиалагчийн эрх үүрэг, хариуцлага, төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх шалгаруулалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хэрхэн дэмжих зэрэг асуудлыг голчлон хөндсөн юм. Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асууж буй асуудлуудаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ихээхэн дэвшил гарч байгааг онцолж, захиалагч болон гүйцэтгэгчдийн хариуцлагыг дээшлүүлэх, шууд гэрээний нөхцлүүдийг цөөлөх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс гадаадын оролцогчдод тавих санхүүжилтийн босгыг нэмэгдүүлсэн зэрэг олон зохицуулалтыг нэрлэн дурдсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Д.Ганбат, Ш.Адьшаа, Ц.Идэрбат нар санал хэлж, төрийн худалдан авах ажиллагааны тодорхой жишээ баримтыг дурдан сахилга хариуцлага, гүйцэтгэлийн чанар, түүнд тавих хяналтыг асуудлыг хөндөн ярив.

Гишүүд санал хэлсний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүсэлт гаргаж, хэлэлцэж буй асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзэх үүднээс гурван хоногийн завсарлага авлаа.

Урамшууллаас даатгалын шимтгэл суутгах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын нэр бүхий 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэдэд тус урамшууллаасаа суутган шимтгэл төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах эрхийг нь бүрдүүлэхэд энэ хуулийн зорилт оршиж буйг онцолсон юм. Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох дээрх урамшууллуудыг жил бүр улсын төсөвт суулган санхүүжүүлж байгаа бөгөөд 2020 онд  46828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91977 малчинд 31.7 тэрбум төгрөг, сүүний урамшуулалд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл 6516 малчин, мал бүхий этгээдэд 4.3 тэрбум төгрөг, улаанбуудайн урамшуулалд 2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг, арьс ширний урамшуулалд 2020 онд 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг тус тус олгожээ.

Малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж тасалдуулах, төлөхгүй байх асуудал үүсдэг хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулгадаа дурдаад, урамшуулалд олгох тухай бүрд нь шимтгэлийг суутган тооцох нь олон талын ач холбогдолтой гэлээ.

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир нар малчдын нийгмийн даатгалд хамрагдалт ямар байгаа, шимтгэл төлөх талаар бие даасан хууль байх шаардлагатай эсэх, сайн дураар даатгалд хамрагдах асуудлыг хэрхэн зохицуулах, эрүүл мэндийн даатгалд малчид, тариаланчдыг хамруулах талаар авч байгаа арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар зохицуулах боломж байгаа, эсэх зэрэг цөөнгүй сэдвээр асуулт асууж, хариулт авсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, хууль хэрэгжсэнээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын санд хэчнээн хэмжээний шимтгэл нэмэгдэх, шимтгэлийг жилд хоёр удаа төлөх боломж байгаа эсэхийг асууж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир одоо мөрдөгдөж байгаа бусад хууль тогтоомжтой зөрчилдөх зүйл гаргахгүй байх талаар зөвлөмж өглөө. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулсан харилцааг өөр хуулиар давхар зохицуулах шаардлагагүй, харин даатгалын шимтгэлээ тогтмол төлөх арга барил, дадл хэвшлийг суулгахад анхаарч ажиллах шаардлагатай гэсэн санал хэлж, туслах малчдыг даатгалд хамруулах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй гэх шалтгаанаар малчид, тариаланчид урамшууллаа авч чадахгүй байдалд орох вий гэдгээс болгоомжилж буйгаа илэрхийлсэн бол гишүүн Д.Ганбат, зөвхөн шимтгэл төлүүлэхэд зориулсан хууль батлах нь буруу гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, энэ хууль эргээд шимтгэл төлөөгүй байдлыг өөгшүүлж болзошгүй гэсэн болгоомжлол байгааг дурдсан бол гишүүн С.Ганбаатар, урамшуулал олгохоо болих үед малчид, тариаланчдын шимтгэл төлөгдөхгүй болох эрсдэл бий эсэхийг асууж, хариулт авав.

Хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, хүнс үйлдвэрлэж байгаа, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байгаа хөдөө аж ахуйн салбарыг төрөөс дэмжих нь улс орон бүрд байдаг бодлогын асуудал. Иймд төрөөс олгох урамшуулал зогсохгүй бөгөөд энэ хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр малчид, тариаланчид сайн дурын үндсэн дээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь нэмэгдэж, сангийн үйл ажиллагаа, үйлчилгээ сайжирна хэмээн хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, шимтгэл төлөөгүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эм тариагаа авч чадахгүй байдалд орох явдал малчид, тариаланчдад их байдгийг дурдаж, энэ хууль гарснаар урамшууллаасаа суутган шимтгэлээ төлөхийг тэд дуртай зөвшөөрнө гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ч хуулийн төслийг дэмжиж хэлсэн үгэндээ, сайн дурын үндсэн хийгдэх, чөлөөт нийгмийн зарчимтай нийцэж буй харилцааг зохицуулсан төсөл хэмээн онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн эцэст Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилсан Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дараа нь хэлэлцэв. Тогтоолын төсөл санаачлагч илтгэлдээ, хэдийгээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан хэдий ч эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагууд харьяандаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг үүсгэн байгуулах явдал ихэссэн талаар онцлов. Мөн тэрбээр, бизнес регистрийн бүртгэлтэй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо 2014 онд 4500 байсан бол 2021 онд 5400 болсны дурдаад, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг хуулийн этгээд үүсгэн байгуулах замаар төр давхар эрхэлж, өөртөө илт давуу байдлыг бий болгож, өрсөлдөөний тэгш бус нөхцөл үүсгэж байгаа нь зохисгүй үр дагавартайг дурдав.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хороны хуралдаанд уг тогтоолын төслийг хэлэлцэх үед гишүүдээс асуулт, санал гараагүй байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсныхаа дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын Үндсэн хуулийн 5.4-т Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна заалттай тогтоолын төслийн үзэл зөрчилдөх эсэх, мөн өнөөгийн эдийн засагт олон асуудал тулгамдаад байгаа нь төрийн зохицуулалт хэтэрснээс бус хари ч дутагдсанаас шалтгаалсан юм биш биз гэсэн асуултыг тавьсан юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгааг сануулан, эдгээрийг уялдуулахыг зөвлөлөө.

Төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, нөгөө тогтоолд төрийн өмчлөлийн асуудлыг илүүтэй зохицуулахаар тусгасан тул энэ харилцаанаас зайлсхийж, Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай тогтоолын төслийг зохицуулалтын бодлого руу илүүтэй чиглүүлсэн талаараа тодруулж тайлбарлав.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн найруулгыг сонсон баталсан юм. Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийт иргэдэд хандан Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлснээр 2022 оны отгон хуралдаан өндөрлөв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл