Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулан өнөөдөр (2017.11.30) Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим газруудад холбогдох албан тушаалтнууд ажиллав.
Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтоон 01 тоот тогтоол гаргаж, Засгийн газар болон Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн бодит байдалтай танилцахаар ийнхүү ажилласан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнууд эхлээд Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд очлоо.
Тус сургуулийг төвийн шугам сүлжээнд холбон төвлөрсөн халаалттай болгосон, агаарын чанарыг мэдээлэх самбар, зарим анги танхимд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тавьсныг холбогдох албан тушаалтнууд танилцуулав. Төвлөрсөн дулаанд холбосноор нүүрс хэрэглэхээ больж, үр дүнд нь 24-27 сая төгрөгийг дулааны зардалд зарцуулдаг байснаа хэмнэж, одоо 3-4 сая төгрөг зарцуулдаг болжээ.
Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй ангиар ороход сургуулийн захирал агаарын бохирдлын хор нөлөөнөөс сурагчдыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай сургуулийн таван ангид агаар дахь хорт бодисыг шүүж, цэвэрлэдэг төхөөрөмж сар орчмын өмнө авч өгсөн. Бусад ангиудад нэмж тавих шаардлагатай байна” хэмээв.
Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон улсын байгууллагуудын хандив тусламж болон салбарын яам, Улаанбаатар хотын төсвөөс хөрөнгө мөнгө гарган агаарын бохирдол өндөр бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөөнд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах агаар цэвэршүүлэгч төхөөрөмж 1300 орчимыг тавихаар ажиллаж байгаагаа хэлсэн.
Дараа нь агаарын чанарын шинжилгээ хийх зориулалттай явуулын станцад сургуулийн гаднах орчны агаарын чанарт үзлэг хийн Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд Улаанбаатар хотын албан тушаалтнууд танилцуулсан юм.
Үүний дараа “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр байшингаа дулаалж,
дулаан алдагдлаа бууруулсан айлуудын нэг Баянгол дүүргийн арваннэгдүгээр
хорооны өрх Р.Адъяасүрэнгийнд очлоо. Гэрийн эзэгтэй “Хоногт нэг удаа, 17.00 цагийн үед нам
даралтын зуухаар байшингаа галладаг, гаднаас орж ирэхэд тогтмол 14 хэмийн
дулаантай байгаа. Шөнийн тарифыг тэглэснээр цахилгааны мөнгө хэмнэж байна. Өмнөх
жилүүдэд жилд гурван портерь машин нүүрс түлдэг байсан бол энэ жилийн хувьд нэг
портерь нүүрс аваад одоо бага талыг нь түлсэн” хэмээн ярилаа. Дулаан алдагдлыг бууруулах энэхүү төсөлд одоогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим өрх айл хамрагдсан байна.
Р.Адъяасүрэнгийнд байх үеэр төсөл хэрэгжүүлэгчид “Айл өрхүүд дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамрагдвал шаардлагатай зардлын 30 хувийг өөрсдөө гаргаж, үлдсэнийг нь төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилтээр шийдэж байгаа, цаашид төсөлд хамрагдах айлуудын тоог нэмэгдүүлнэ” хэмээн мэдээлэл өгөв. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр, сууцаа сайн дулаалснаар дулаан алдагдлыг 50 хүртэл хувиар бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдол, утааг 50 хувь бууруулах боломжтой болно гэдгийг онцлон хэлсэн юм.
Дараа нь Р.Адъяасүрэнгийн хөршийнх буюу дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамрагдаагүй айлаар орж харьцуулан танилцах үеэр Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Байшингийн буланд хэмжилт хийхэд хасах 1 градус байна. Гэр хорооллын 220 мянган өрх айл бүгд дулаан алдагдлаа бууруулснаар агаарын бохирдолтой тэмцэхэд маш өндөр үр дүн үзүүлнэ” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Үргэлжлүүлэн дулаан, халаалтаа цахилгаанаар шийдсэн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны 38 дугаар цэцэрлэгт очив. Тус цэцэрлэг уурын зуухаар халдаг байсан ч жилийн өмнөөс цахилгаанаар халаалтаа шийдсэнээр дотоод орчныхоо агаарын бохирдлыг бууруулсан төдийгүй халаалтын зардлаа хэмнэсэн үр дүн гарсан хэмээн эрхлэгч нь ярилаа.
Үүний дараа Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байгуулсан агаарын бохирдлыг хэмждэг Агаарын чанарын хяналтын харуулын байранд очсон. Агаарын бохирдол хамгийн өндөр орчны агаарын чанарыг хэмжиж, бодит байдлыг мэдээлдэг уг станцад байх үеэр ажилтнууд нь “Агаарын бохирдол маш их үзүүлэлтийг зааж байна” хэмээсэн. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдолд мониторинг хийдэг 11 харуулын байр байдгийн нэг нь энэ юм.
Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхий
сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга
М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн, Засгийн газрын
гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хотын захирагч С.Батболд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Салбарын сайд мэдээлэлдээ, "2018 оны төсөвт сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулах 17 тэрбум төгрөг суулгасан. Өнгөрсөн жил 5 тэрбум орчим байсныг ийнхүү нэмэгдүүлснээр бодит ажил хийх боломж бүрдэж байна" гэсэн.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэлдээ “Байнгын хорооны утааг бууруулах тодорхой арга хэмжээ авах, ажил хийх зөвлөмж болон 01 тоот тогтоол хэрэгжсэн үү гэдгийг бодит байдалд үзэж танилцаад ерөнхийдөө 30 хувьтай байна гэж дүгнэлээ. Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр утааг бууруулах, утааны хор хохирлоос хүүхдүүдийг хамгаалах ажлыг хийсэн байна. Гэвч салбарын яам болон Улаанбаатар хотын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн бага байна. Тиймээс цаашид утаатай тэмцэх ажлын бүх зардлыг нэг цонхны бодлогоор шийдэж, захиран зарцуулдаг болох хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайдад саналаа хэллээ.
Өргөдлийн байнгын хорооны 01 тоот тогтоолд уурын зуухуудыг буулгаж, байгууллагуудыг төвийн халаалтад холбох чиглэл өгсөн. Өнгөрсөн хугацаанд 45 уурын зуухыг буулгасан, одоо 68 уурын зуухыг буулгана гэж байна. Цаашид утааг бууруулахад тодорхой үр дүн гартал ажиллана. Хэрэгжилт цаг хугацааны хувьд удаашралтай байна” гэлээ.
Өнөөдөр ийнхүү ажиллахдаа Өргөдлийн байнгын хорооноос гаргасан 18 заалт бүхий 01 тоот тогтоолын таван заалтын хэрэгжилттэй түлхүү танилцаж буй талаараа Байнгын хорооны ажилтнууд мэдээлэв.
Тухайлбал, утааны хязгаарлалтын бүсийг тодорхойлж,
бүсийн айл өрхийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэн, бүс бүрт утаа бууруулах оновчтой
арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүйтний улиралд гэр хорооллын айл
өрхийн шөнийн цахилгааны үнэ тарифыг 100 хувь хөнгөлөх, шугам сүлжээний
аюулгүй, найдвартай байдлыг хангах, агаар
цэвэршүүлэх тоног төхөөрөмж, маск, тарифт тоолуураар сургууль, цэцэрлэг,
эмнэлэг, айл өрхүүдийг хангах ажлыг төрөөс дэмжих, зохион байгуулах, энэ ажлыг
нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийг татварын бодлогоор
дэмжих, нүүрсний
боловсруулалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, хийн хэрэглээг
нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, хүн амын эрүүл мэндийг сахин
хамгаалах, утааны хор хохирлоос болж эрүүл мэнд нь хохирч байгаа иргэдэд хүргэх
эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэсэн заалтуудын
хэрэгжилттэй танилцсан юм гэж УИХ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.