Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.28) хуралдаан 11 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг нар ажиллахаар болов.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажлын хэсгийн танилцуулгыг хийв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо нь 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах хэлбэрийг төрөлжүүлж, тодорхойлох зэрэг чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 33 саналын томьёолол бэлтгэжээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк нь дунд, урт хугацааны төсөл, хөтөлбөрийг тогтвортой санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн банк байх нь зүйтэй гэж үзсэн байна. Банкны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулах банк болон Хөрөнгө оруулалтын банкны хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдах хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Банкны тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн тус тусын бүрэн эрхийн хүрээнд олгох нь оновчтой гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн тус банкны хориглох үйл ажиллагааны хүрээг тодорхойлжээ. Үүнд, мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, түүнтэй адилтгах байдлаар хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх, салбар, хараат болон охин компани байгуулах, Монгол Улсын банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахыг хориглох зохицуулалтыг төсөлд тусгахаар саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна. Мөн гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн 33 ба түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан зөвшөөрлийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас авах зохицуулалтыг төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цэрэнпунцаг танилцуулав.
Дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Түүнчлэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Хуралдаанаар үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.
Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёо, найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагч хуулийн төслүүдийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг 2022 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу төслүүдэд гарах саналыг бэлтгэн томьёолжээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягийн танилцуулсан дээрх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.
Ийнхүү Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн баталж болно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг өнөөдрийн хуралдаанаар сонслоо. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 18 дугаар тогтоолоор "Нүүрсний экспорт, тээвэрлэлтэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар товыг тогтоосон. Уг сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг сонгогдсон бөгөөд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангахыг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нарын 8 гишүүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт даалгасан юм.
Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу олон нийтийн телевиз, радио болон Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсгол болохоос 14 хоногийн өмнөөс эхлэн сонсголын тов, сонсгол явуулах сэдэв, сонсголыг зохион байгуулах талаар болон оролцогчдын бүртгэл, сонсголд оролцогчдын эрх, үүргийн талаарх олон нийтэд зориулсан мэдээллийг бэлтгэн тогтмол давтамжтайгаар олон нийтэд мэдээлсэн. Мөн сонсголд тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтныг сонсголд дуудан мэдэгдэл хүргүүлсний дагуу нийт 110 албан тушаалтан сонсголд оролцох саналаа илэрхийлсэн.
Сонсголд оролцох хүсэлт гаргасан нийт 225 иргэн, хуулийн этгээд бүртгүүлснээс 58 иргэн сонсголын үеэр санал хэлэх хүсэлтээ урьдчилж ирүүлсэн бөгөөд хэвлэл, мэдээллийн 17 байгууллагын 43 ажилтан сонсголын үйл ажиллагааг сурвалжлах хүсэлтээ ирүүлжээ.
Сонсгол зохион байгуулах ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу сонсголд оролцогчдын тоог хязгаарлахгүйгээр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”, “Их эзэн Чингис хаан” танхимаас нэгэн зэрэг явуулахаар төлөвлөсөн боловч оролцогчдоос нэг танхимд сонсголыг зохион байгуулах шаардлага тавьсан. Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд байдаг “Их Монгол” танхимд сонсголыг зохион байгуулж, сонсголын үйл ажиллагаа 9 цаг 30 минут тасралтгүй үргэлжилж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан байна.
Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар олон нийтэд зарласан үндсэн 4 сэдвийн хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат, “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн бүрэн Эрхт төлөөлөгч Х.Мягмар, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал нар сонсголд оролцогчдод илтгэл, мэдээлэл танилцуулсан.
Сонсголд Эдийн засгийн байнгын хорооны 15 гишүүн, нийт Улсын Их Хурлын 36 гишүүн оролцсон байна. Эдгээрээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Раднаасэд, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлжээ. Ерөнхий хяналтын сонсголд оролцож санал хэлэхээр урьдчилан хүсэлт гарган бүртгүүлсэн 55 иргэн саналаа илэрхийлж, холбогдох албаны хүмүүс давхардсан тоогоор 44 удаа асуулт, саналтай холбогдуулан тайлбар, мэдээлэл өгсөн аж.
Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогч нарын гаргасан саналуудыг тоймлоход үндсэн 6 чиглэлээр саналуудыг гаргасан хэмээн С.Чинзориг гишүүн танилцуулав.
Нүүрсний хулгайг ил болгох, олон нийтийн мэдэх эрхийг хангах чиглэлээр: Засгийн газраас байгуулсан “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг” буюу штабт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, Тавантолгойн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлагатай бол Улсын Их Хурлын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах, нэг км төмөр замыг олон улсын жишгээс өндөр үнээр барьсан нь хулгай хийх нөхцөлийг бүрдүүлсэн болон төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, оффтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүйгээр ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 2010 оноос хойших 1072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар зэргийг ил болгох талаар саналуудыг гаргасан.
Хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр: Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялагийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын тухай бие даасан хуулийг батлах, татварын болон Сонгуулийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газарт онцгой дэглэм тогтоосон хуулиудыг хүчингүй болгох саналуудыг гаргасан.
Хяналт тавих, хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх чиглэлээр: Төрийн байгууллагуудын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тээвэрлэлттэй холбоотой статистик мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, нүүрсний үнийн зөрүүний асуудлыг тусад нь авч үзэж, нүүрсний хулгайд ямар нөлөөлөл үзүүлснийг судалж дүгнэлт гаргах, ил тод болгох, оффтэйк гэрээг нууцад хамруулсан шийдвэр гаргасан болон бүртгэлгүй нүүрсийг улсын хилээр гаргасан этгээдүүдийг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох, хуулийн байгууллага хяналт шалгалт хийхдээ хөндлөнгийн нөлөөнд автахгүй, улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналуудыг гаргажээ.
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах чиглэлээр: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулах, ард түмэнд ногдол ашиг хуваарилах, төрийн өмчийн засаглалыг өөрчлөх, хяналтыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн бүх хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлэх, жижиг, том Тавантолгой компанийг нэгтгэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, тус сангийн хөрөнгийг бүх аймагт тэгш хуваарилах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүртгэлтэй байгаа Зүүнбаян төмөр замыг “Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлэх, Тавантолгойн орд ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд түүхий нүүрсийг боловсруулж хилээр гаргах, Тавантолгойн орд газрыг хашаалж иргэдийн өмчийг хамгаалах, төмөр зам, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарах, Оюутолгойн орд ашиглалттай холбоотой Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Түр хороотой адил Тавантолгойн асуудлаар Түр хороог байгуулж, мэргэжлийн экспертүүдийг татан оролцуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг маш хямд үнээр IPO хийн арилжаалах гэж байгаа бол түүнийг зогсоох зэрэг саналуудыг хэлсэн байна.
Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хэлбэрийг сайжруулах чиглэлээр: Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, хамрах хүрээ, сонсголын үр дүнг тайлагнах хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг заавал оролцуулдаг байх, зөвхөн нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулаад зогсохгүй цаашид нефть, зэс болон бусад уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээр, хил, гаалийн хяналтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, сонсголоос гарсан үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлдэг байх зэрэг санал гаргасан.
Төрийн байгууллын тогтолцоог өөрчлөх чиглэлээр: Төрийн байгууллын харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд Улсын Их Хурал нь Засгийн газартаа тавих хяналтаа сайжруулах, шүүх, прокурорын байгууллагын томилгоог өөрчлөх, шинэчлэх, Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй байдал, эрх мэдлийг бууруулах, ард түмний төлөөлөл сонгогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг санал гаргасан байна.
“Нүүрсний экспорт, тээвэрлэлтэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулснаар иргэд тодорхой, албан ёсны мэдээлэлтэй болж, хууль зөрчсөн, ард түмний баялгийг тонон дээрэмдсэн асуудал бодитой байгаа талаар бүх түвшинд дүгнэлт хийж, түүнийг шударга ёс, хуульд нийцүүлэн шийдвэрлэх нэгдсэн ойлголтод хүрснийг С.Чинзориг гишүүн тайлан танилцуулахдаа тэмдэглэлээ. Асуудлыг олуулаа хамтарч, тал бүрээс нь шүүн хэлэлцсэн нь энэхүү сонсголын нэг чухал үр дүн болжээ. Сонсголын үеэр холбогдох байгууллагын удирдлагуудын хийсэн мэдээлэл болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн сонсголын үр дүнг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлжээ. Үүнд,
1. Энэхүү сонсголын үр дүнгээр Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлаас “нүүрсний хулгай”-н гэх асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах, цаашид ийм байдал гарах үүд хаалгыг хаах боломжийг бүрдүүлж, олон нийтийн хяналтыг бий болгож, анхаарлын төвд оруулсан. Цаашид баялгийн олборлолт, ашиглалт, экспортын асуудлыг төр, ард түмний хяналтад нь авах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай бол Улсын Их Хурал энэ асуудлаар холбогдох хууль тогтоомжийг нэн яаралтай дэгээр хэлэлцэж, Засгийн газар болон хуулийн байгууллагуудад бүхий л талаараа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн болохоо танилцуулав.
2. Улсын Их Хурлаас байгуулагдсан Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хороо хилийн боомтуудаар нүүрс экспортлох, тээвэрлэх асуудал, мэргэжлийн хяналт, хил, гааль зэрэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, нүүрсний гаалийн бүрдүүлэлт, гэрээ, үнэ тариф зэрэг олон асуудлыг хянан шалгаж, олон нийтийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй олон мэдээллийг тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.
3. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнийг олон улсын жишигт хүргэж, хил үнээр худалдах, олон нийтийн хяналтад оруулах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийг шуурхай баталсан бол цаашид Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг мөн яаралтай горимоор хэлэлцэн баталж, энэ мэтээр улс орноо, ард олноо, төсөв хөрөнгийг тонон дээрэмдэх хууль бус үйлдэлтэй Улсын Их Хурал ард түмнийхээ талд байж, хамтран тэмцэх шаардлагатай.
4. Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх хүрээнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эзэмших хувьцааны хувийг нэмэгдүүлэх, ногдол ашгийг хуваарилах асуудпыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
5. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй.
6. Цаашид төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулж, экспортод гаргах нүүрсийг хөрөнгийн биржээр дамжуулан ил тод нээлттэй худалдаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
7. Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, боомт дагасан суурьшлын бүсүүдийн дэд бүтэц, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
8. Хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа “нүүрсний хулгай”-тай холбоотой гэмт хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааг хугацаа алдахгүй яаралтай шийдвэрлэх, олон нийтэд зарлах, Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох" үүрэг бүхий хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар сонсголд гэрч, хэргийн холбогдогчдыг оролцуулан хууль хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байна.
Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд сонсгол явуулснаас хойш ажлын тав хоногийн дотор тухайн Байнгын хороонд сонсголын тайланг хүргүүлэх бөгөөд тус тайланд сонсголын үр дүнгийн талаарх дүгнэлт, сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дурдаж, ажиглагч дүгнэлт ирүүлсэн бол дүгнэлтийг, мөн бичгээр ирүүлсэн санал хүсэлт, мэдээллийг хавсаргана гэж заасны дагуу тайланг боловсруулжээ.
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Д.Батлут, Г.Дамдинням, Ж.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамжаар байгуулагдсан Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулалтыг хангах, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувиар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.5-д заасны дагуу Байнгын хороо зохион байгуулсан сонсголынхоо тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр санал, дүгнэлтэд тусган нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттайг сануулав. Мөн шаардлагатай гэж үзвэл холбогдох тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж болох тул Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох тогтоолын төсөл боловсруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Нүүрсний экспорт нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй, мөн энэ салбар олон ажлын байр бий болгодог гэдгийг тооцож, үйл ажиллагаагаа явуулахыг гишүүд анхааруулж байв. Тиймээс уг асуудлыг улс төржилтгүйгээр, эдийн засгийн чухал хөшүүрэг болох салбарынхаа үйл ажиллагааг эрүүл, хэвийн болгох шийдлүүдийг гаргах чиглэлд Эдийн засгийн байнгын хороо анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг дээрх тайлантай нухацтай танилцан, авч хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан ажиллахаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн 2022 оны арван хоёрдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар О.Цогтгэрэл гишүүн танилцууллаа.
"Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна" гэж, мөн "төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд тусгасан. Хувийн өмчийг эрхэмлэсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байх нийгмийн гэрээг батлан нийтээрээ дагаж эхэлсэн. Ингэснээр төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх олон улсын нийтлэг зарчим руу шилжсэн. Харин 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын I хавсралт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6.4-т “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна” гэж, уг баримт бичгийн II хавсралт “Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.4.5-д төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр, үүний үр дүнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжрах, ил тод байдал хангагдах, ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байхаар тусгажээ.
Гэвч эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагууд харьяандаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг олноор үүсгэн байгуулах явдал ихэссэн гэж төсөл санаачлагч илтгэлдээ тэмдэглэв. Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар бизнес регистрийн бүртгэлтэй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо 2014 онд 4500 байсан бол 2021 онд 5400 болсон. Нарийвчилбал, 2014 оны байдлаар төрийн өмчит орон нутгийн өмчит газрын тоо 261 байсан бол энэ онд 386 болж, төсвийн байгууллагын тоо 3900-аас 4700 болж өсжээ. Хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажил үйлчилгээг төрийн зүгээс давхардуулан, аж ахуйн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн үүсгэн байгуулж буй нь өөртөө илт давуу байдлыг бий болгож, өрсөлдөөний тэгш байдлыг үүсгэх зүй бус үр дагавартайг төслийн танилцуулгад онцолжээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын дийлэнх олох нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ нь эргээд улсын төсөвт дарамт үзүүлж байдгийг мөн дурдсан. Эдгээр үндэслэл, шаардлагын улмаас “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн үйл ажиллагааг хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Дараа нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан юм.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбогдох харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлэх, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн санаачлан боловсруулжээ.
Ж.Бат-Эрдэнэ гишүүний танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Чинзориг, Д.Батлут нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Төслийн хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.