Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 48 дугаарын тойм

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай       Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулсан Хилийн боомтын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшааг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн чөлөөлж, тус түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг нэмсэн байна.

Мөн эмхэтгэлийн тус дугаарт Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ажээ. Тухайлбал,  Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Гантөмөрийн Урангуаг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Доржбатын Шинэхүүг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Чадраагийн Баярсүрэнг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Төрмөнхийн Ариунболдыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Буянжаргалын Сувд-Эрдэнийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Алтандөшийн Энхбаатарыг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Дашбумбын Орхонтамирыг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Амаржаргалын Цэлмэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Болдын Баярсайханыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ганхуягийн Батзаяаг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Чинбатын Мөнхболорыг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ.  

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Монгол Улсаас Катар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Катар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ливан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ливан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилсон байна.  

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Журам батлах тухай,  Жагсаалт шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам, Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавих журам болон Нээлттэй өгөгдлийн жагсаалтыг тус тус баталжээ. Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журмаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, мэдээллийн сан үүсгэж,  бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бол Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавих журмаар нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн дагуу 1,000,000 (нэг сая) ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчид өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл