Цэс

Холбоо барих

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, 27 жилийн өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг нь баталж, төрийн өмчийг хувьд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Энэ үед хяналтын бүхий л механизмыг устгаж өөрчлөөд, шударга ёс алдагдсан хувьчлал хийж, баялгийг тэгш бусаар  хуваарилсан. Бид дахин ийм алдаа гаргахгүйн тулд эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Үүнийг УИХ яаралтай хийх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Байнгын хороо ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж, хуулийн төслийг нягт нямбай боловсруулах шаардлагатай байна гэлээ. Гишүүд, төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтыг тавьж байгаа газрын статус маш бүрхэг байна. Уул уурхайн  олборлолт явуулж буй төрийн өмчийн хуулийн этгээдэд тавих хяналтыг ямар байгууллага хариуцаж байгаа нь тодорхойгүй байгаа. Ийм маягаар явбал төрийн өмчийг хулгайлдаг, луйварддаг явдал зогсохгүй. Тиймээс хуулийн төслийг нухацтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт  явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Мөн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.


Төсөл санаачлагч гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улс Үндсэн хуульдаа “...дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасан боловч бодит байдал дээр төрийн өмч зонхилсон эдийн засагтай болсныг тоо баримт дурдан танилцуулаад, төрийн өмчийг дагасан хариуцлагагүй байдал, ашиг сонирхлын зөрчил, авилга, хээл хахууль, хууль бус хулгай луйвар газар авсныг ойрын өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд нотлон харуулж байна гэлээ. Тогтоолын төсөлд, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд шинээр байгуулахыг түр хориглох, одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит этгээдийн санхүү, нягтлан бодох аа хяналтыг сайжруулахболомжит хэсгийнх нь хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжиж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан байна. Мөн гадаадад хувьцаа нь арилжаалагдаж буй Монголд бүртгэлтэй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах хуулийн хэрэгжилтийг гүйцэд хангаж ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг цомхотгон цөөлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга судалгаа, бодлого боловсруулж ажиллах, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар заажээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Монголын төр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол стандартын төрийн өмчит компаниуд бий болох гэж оролдоод бүтсэнгүй. Хулгай төрд байна, түүнийг төрийн өмчийн компаниудаар дамжуулан хийж байна. Тиймээс бид дэлхийгээс гажсан, стандартаас зөрсөн зүйл хийх шаардлага алга. Бид цаашдаа төрийн өмчит компаниудаа хувьчлаад, хувийн хэвшлээ хөгжүүлж, чөлөөт зах зээлээ дэмжсэн бодлого шийдвэрийг гаргаад явах ёстой. Төрийн өмчийн томоохон 105 компани, орон нутгийн өмчийн оролцоотой 270 орчим компани байгаа. Тэд бүгд компанийнхаа засаглалаар хөгжиж, хувийн хэвшлийн олон мянган аж ахуйн нэгжүүдтэй адил зарчмаар явах ёстой хэмээлээ.


УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Компани гэж юу билээ. Компани ашгийн төлөө ажиллаж, зах зээлийнхээ зарчмын дагуу хөгжих ёстой. Компанийн засаглал тэнд л бий болно. Ингэж байж бидний хүлээгээд байгаа баялгийн санг бий болгож эдийн засагт хувь нэмрээ оруулах юм. Алдагдалтай, өр зээлтэй байгаа, хулгай нүүрлэсэн нүүрсний компаниудад цэг тавих цаг нь болсон. Цаашдаа бид төрийн өмчийн компаниудыг бий болгох хэрэггүй. Хувийн хэвшлийн компаниуд либерал байдлаар, чөлөөт зах зээлийнхээ зарчмаар хөгжих үндсийг бий болгож өгье. Байгуулчихсан компаниудаа хувьчлаад, хувийн хэвшил хөгжих орон зайг нь бий болгох шаардлага байна.  Үүний гарц шийдэл нь өнөөдөр хэлэлцэж буй тогтоолын төсөл юм гэлээ.  

Эцэст нь “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4  хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.


Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/1667 тоот албан бичгээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай саналыг ирүүлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хороо “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийг хэлэлцлээ.

Шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлснээр хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэх төдийгүй иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд бодит үр дүнгээ үзүүлнэ гэж үзсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг 24-өөр нэмэгдүүлж, зарим аймгийн сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, сум дундын шүүхийн шүүгчийн 24 сул орон тоог хасахаар боловсрууллаа. Сул орон тоог шилжүүлж байгаа буюу шүүгчдийн хөдөлгөөн хийгдэхгүй учраас зардал гарахгүй бөгөөд шүүгчийн нийт орон тоо нь тооны хувьд өөрчлөгдөхгүй, шүүгчийг шилжүүлэх, чөлөөлөх асуудал үүсэхгүй юм хэмээлээ. 

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан орон нутгийн шүүхийн орон тоог хасаж, хотын шүүхийн орон тоог нэмж байгаа шалтгааны талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тогтоолын төслийг боловсруулахдаа нэг шүүгчид оногдох хэрэг, маргаан тогтоол, шийдвэрийн тоонд үндэслэн шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлж байгаа хэдий ч хэлэлцэж байгаа асуудлын мөн чанар, цар хүрээг харгалздаг байх, түүнчлэн аймгуудын шүүгчийн сул орон тооны талаар, УИХ-ын гишүүн Д.Ганбат нэг шүүгчид оногдох ажлын ачааллыг улсын тэмдэгтийн хураамж төвлөрүүлж байгаагаар нь тодорхойлж болох эсэх талаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй хамт тогтоолын төслийг боловсруулах боломжтой байсан эсэх, дутуу орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хугацааны талаар, мөн шүүхийн байрны асуудал, ажиллах орчин нөхцөлийг хэрхэн шийдвэрлэх талаар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөх болон Засгийн газарт хүргүүлэх ажлын явцын талаар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэхтэй холбоотойгоор орон тоо нэмэгдэх эсэх болон Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн явц, шүүхийн шинэчлэлийн асуудал, шүүхийн хэргийн ачааллыг тэнцвэржүүлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн тодорхой хөтөлбөр гаргахаар ажиллаж байгаа талаар үг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог нэмэх талаар санал гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж тогтоолын төсөлд тусгасан хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын эцэслэн баталлаа.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.


Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллажээ.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авчээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дараа жилийн төсөвт тусгахаар заасан нь Төсвийн тухай хуулиар зохицуулах харилцаа тул дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн гээд доорх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Үүнд:

-Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын цахимжуулалт, мэдээллийн технологийн шинэчлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх;

-хуулийн төсөлд заасан цолны асуудлыг бусад хуультай нийцүүлэх зорилгоор шадар зөвлөх” гэснийг “эрхэлсэн зөвлөх” гэж, “жинхэнэ зөвлөх” гэснийг “ахлах зөвлөх” гэж өөрчилж, “итгэмжит зөвлөх” гэсэн цолыг хасах;

-хуулийг дагаж мөрдөх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байх гэсэн саналуудыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд төслийн хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл