Цэс

Холбоо барих

Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.12.06/ 14 цаг 26 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тайланг сонсох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 01 дугаартай тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулан тус Байнгын хороо 2016 оны 12 дугаар сараас эхлэн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан төдийгүй хамгийн сүүлд Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногт газар дээр нь ажиллав. Утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулж байна гэж хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцоллоо. Тэрээр Засгийн газарт 18 зүйлтэй чиглэл өгсний дагуу өнөөдөр ямар ажил хийгдсэн, цаашид ямар арга хэмжээ авах талаар өнөөдрийн хуралдаанаар холбогдох яамд, нийслэл болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулж байна гэлээ.

Ингээд агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр илтгэл тавив. Тэрээр танилцуулгадаа, 2017 оны 11 дүгээр сард агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2016 оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 38 мкг-аар буюу 20%-иар, PM2.5 тоосонцор 26 мкг-аар буюу 17%-иар,  хүхэрлэг хийн агууламж 17 мкг-аар буюу 37%-иар тус тус бага, азотын давхар исэл 4 мкг-аар буюу 8%-иар их байсан бол Агаарын чанарын стандартаас хүхэрлэг хий, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 1.1-2.5 дахин их байна.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц байгуулах, утаа үйлдвэрлэгч яндангийн тоог бууруулах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, хууль, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн, 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам” боловсруулж, Засгийн газрын 2017 оны 290 дугаар тогтоолоор батлаад байна. Уг журмаар эрчим хүч хэмнэж, байгалийн нөөцийг зохистой ашигласан иргэн, аж ахуйн нэгжид “Ногоон гэрчилгээ”, бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгох юм.


Шөнийн цахилгааны урамшуулалд 114512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.3 тэрбум төгрөгийг зарцуулсан ба үүний дүнд тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ 5-8%-иар буурсан үзүүлэлт гарсан. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17% өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15% нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гараад байна. Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж, 6,363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон.

“Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолоор баталж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 30 төрлийн ууж хэрэглэх эмийг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, эрсдэлт бүлгийн нийт 200 гаруй мянган хүн хамрагдсан бол Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 47’300 хүүхдэд уушгины хатгалгаа өвчний эсрэг вакцин хийгдээд байна.

Хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1207  автобус ашиглагдаж байгаагийн 52% нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байна. Япон Улсын буцалтгүй тусламжаар нийтийн тээврийн 24 автобусанд дизель хөдөлгүүрийн янданд суурилуулах тоосонцрын шүүлтүүр тавих туршилтын ажлыг явуулж, ирэх 4-р сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын эвслээс санаачилсан “Цэвэр агаар-амьдралын үндэс” санаачилгад  анхны улс болон нэгдэж, Японы Засгийн газрын тусламжаар 2018 оны 2 дугаар сараас эхлэн “Агаарын бохирдлыг бууруулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 сарын 30-ны өдөр нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдол их бүсүүдэд ажиллаж бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших бүх сургууль, цэцэрлэгийн танхим, эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгчээр хангахад 3,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлээд байна гэлээ.


Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцов. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, Ц.Гарамжав, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байхад өнөөдөр утаа арилаагүй байна. Иймд утааг багасгахад зориулж гэрийн бүрээс, үүдний амбаар, зуух зэрэг эд материал худалдан авахад мөнгө зарцуулах бус харин бодлогын түвшинд шинэ арга зам хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Сүхбат, газар төлөвлөлт, нүүрс угаах зэрэг асуудлууд хэрэгжихгүй байгаа учир тусгайлсан эрдмийн зөвлөл, ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна гэсэн санал хэлэв.


Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулагдаж буй төсвийн жагсаалтыг нарийвчлан гаргах, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хариуцлага үүрүүлэх, ажлын хэрэгжилтийг тогтмол хянах орон тооны ажлын хэсэг байгуулах гэдэгт УИХ-ын гишүүд санал нэгдэж, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл