Цэс

Холбоо барих

ИЦББХ: “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.13/ хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.


Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.

Сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

“Ухаалаг засаг-2 төсөл” нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын дараах баримт бичигтэй уялдаж байна. Үүнд:

·      Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 5.3-т ”Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.” гэж;

·      Зорилт 7.5-д “Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно.” гэж;

·      Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-д “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.” гэж;

·      Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн 6.1-д “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.” гэж тус тус заасан.

Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 357,705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.

Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор “Ухаалаг засаг -2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Энэхүү “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийж, тус банкны Захирлуудын зөвлөл 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Бид Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн холбогдох хүмүүстэй өнгөрсөн долоо хоногт уулзсан. Энэ ажлын хүрээнд зөвшөөрлийн платформыг бас хийхээр тусгасан байгаа. Нийтдээ 80 гаруй эрх бүхий этгээд 362 зөвшөөрлийг олгодог болох юм. Үүнийг цахим платформд нэгтгээд, зөвшөөрөл хүсэхээс эхлээд хүсэлтийг хянах, олгох үйл явцыг  ил тод, нээлттэй цахимаар хардаг болгоход тэрхүү санхүүжилт зарцуулагдах юм билээ. Бид өнөөдөр цахим платформ, цахим шилжилт гээд олон асуудлыг ярьж байна. Нөгөө талдаа иргэдийн, залуучуудын, хүүхдүүдийн цахим мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн сургуулиудын цахим лаборатори хуучирсан, сургалтын хөтөлбөр нь 15-20 жилийн өмнөхөөрөө байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт анхаарах хэрэгтэй байна гэлээ. Мөн тэрбээр энэ төслийг хэрэгжүүлнээр Засгийн газрын үйл ажиллагаа ил тод байж, иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэн авлигыг бууруулах ач холбогдолтой учир дэмжиж байна хэмээлээ.


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Зөвшөөрлийн хуулийг УИХ баталснаар авлигагүй, ил тод, иргэдийн хүсээд байгаа нийгмийг бүтээх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Одоо энэ хуулийг амилуулах Засгийн газрын ажил үлдээд байна. Тийм ч учраас Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийнэ. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын удирдлага “UB online business гэсэн платформ үүсгээд өдөр тутам иргэдийн зүгээс хандан авдаг зөвшөөрлүүдийг цахимжуулсан. Гэхдээ одоо тусгай зөвшөөрөл хүсэгчээс материалыг нь цахимаар авдаг болсноо зөвшөөрлийг цахимжуулсан гэж нэрлэх нь учир дутагдалтай. Яг хиймэл оюун ухаан ажиллаад тухайн зөвшөөрөл хэн нэгэн хүнтэй холбоогүйгээр шууд шийдэгддэг болбол авлига, хээл хахууль гэдэг зүйл арилах ёстой юм. Тийм ч учраас бид энэ олон системийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтраад ажлын хэсэг байгуулан ажиллаж байна, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаман дээр нийт тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлыг эхлүүлээд явж байсан хэдий ч бусад зөвшөөрлийг цахим болгосон яамдтайгаа уялдахгүй байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яамдаас олгодог тусгай зөвшөөрлүүд болон Улаанбаатар хотоос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь нэгтгэсэн платформыг үүсгээд эхний танилцуулга бэлэн болсон. Одоо үүнийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийг нэгтгэж хадгалах, хамгаалахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр “Ухаалаг засаг-2”-ын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан.

Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа уур бухимдлыг харвал иргэд өөрсдөө хяналтаа тавья, ил тод болж өгөөч, нууц гэдэг нэрийн дор олон гэрээ хэлцлийг нууцалдаг байдлаа ил тод болгооч, хүнд хамааралтай бишээр технолог нь шийддэг нийгмийг бүтээж өгөөч гэж хүсэж байна. Цаашид хулгай хийх боломжийг хэн нэгнийг сольсноор биш, технологи суурьтай болгосноор хааж чадна. Нүүрсний худалдах, борлуулах, тээвэрлэх бүх түвшин автоматжих ёстой. Цаашлаад цахимаар гэрээгээ хийдэг болоод, энэ нь гааль, татварын нэгдсэн системтэйгээ холбогдох ёстой гэсэн зарчмыг Засгийн газар барьж байгаа учраас болбол ирэх оны 01 дүгээр сарын 1-нээс гэрээ хийх, түүнийг борлуулах, тээвэрлэж байгаа, худалдаж байгаа бүх үйл явцыг автоматжуулна. Ингэснээр арилжааг цаашдаа цахимаар хийх бололцоотой болж, үүнд хэн нэгэн нөлөөлөхгүй болох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна гэлээ.  

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл