Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 46 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр баталсан байна.

Мөн эмхэтгэлийн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Элчин сайдыг тохоон томилох тухай  Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ажээ. Тухайлбал, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Зундуйн Энхтуяаг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зарлигуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Одонжилийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилж, Монгол Улсаас Босни-Херцеговин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Босни-Херцеговин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилж,  Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилж, Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилж, Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг томилсон бол Элчин сайдыг тохоон томилох тухай зарлигаар Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг томилжээ. Түүнчлэн Сэргэлэнгийн Энхбаярыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Тэрбишийн Гангэрэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Тэрбишийн Гангэрэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Жагсаалт шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хилийн боомтын жагсаалт”-ыг баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл