Цэс

Холбоо барих

ТБХ:Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжиж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.13/ хуралдаан 11 цаг 21 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгааг дурдлаа.  


Мөн төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 357,705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон гэв.

Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор “Ухаалаг засаг-2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг сайд танилцуулгадаа дурдаад Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатайг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин,  Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтсон юм.

 Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

Дэлхийн банкны зүгээс 2018-2020 онд Монгол Улс дахь тээвэр, логистикийн эрэлт нийлүүлэлт, тэр дундаа махны тээвэрлэлтийн судалгааг хийсэн бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид хүрч буй нийт өртгийн 30 орчим хувийг зөвхөн тээвэр, логистикийн зардал эзэлж байгааг Н.Учрал сайд дурдаад Монгол Улс логистикийн гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтээр дэлхийн 160 орноос 130 дугаар байранд байгаа нь тээвэр, логистикийн сүлжээг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулж байна. Иймд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод "олон улсын болон бүс, бүс нутгийн тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттай барьж байгуулж, хөрш орнуудын сүлжээтэй холбосон байна" гэж заасны дагуу авто замын сүлжээг сайжруулан логистикийн жишиг төв байгуулах зорилт тавьсан гэж байлаа.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банкны баг хамтран төслийн судалгааг 2020 оноос эхлүүлэн зохион байгуулж ажилласан. Энэхүү төслийн хүрээнд улсын чанартай 311 километр авто замд их засвар болон ээлжит засвар, 51 километр авто замыг шинээр барих, бүсийн хүрээнд тусгай горим шаардах мах, махан бүтээгдэхүүний төрөлжсөн жишиг логистикийн төвийг Өвөрхангай аймагт байгуулах бөгөөд дэвшилтэт технологид суурилсан үндэсний логистикийн платформыг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна гэв.

Дэлхийн банкнаас авч ашиглах зээлийн эх үүсвэрийн 100 сая ам. доллар нь хөнгөлөлттэй зээл, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх бүхий нэн хөнгөлөлттэй зээлүүдээс бүрдэх ба жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин /SOFR/ ээр 1.30 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй, 5 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 30 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа,  Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их  Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ хүрээнд тодорхой бүс нутагт, бодит зүйл хийж үлдээмээр байгааг дурдаад, ер нь гадаадын зээл, тусламжийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, авч хэрэгжүүлж буй зээл, тусламжууд нь эдийн засгийн экспортыг нэмэгдүүлэх, эсхүл импортыг орлох, ажлын байрыг бий болгоход чиглүүлэхэд анхаарах шаардлагатайг онцлоод Эдийн засаг, хөгжлийн яамнаас хийсэн махны экспортын кластер төв байгуулах талаарх томоохон судалгаа нь энэхүү төсөлтэй нийцэж байгаа эсэхийг дахин нягтлах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.  

Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгыг гишүүдэд тараасныг дурдсан. 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл