Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.06) хуралдаан  16 цаг  24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хэлэлцээр, дүрэмд өөрчлөлт оруулах протоколуудыг соёрхон батлахыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийн талаар хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.


Олон улсын хөрөнгө оруулалтыг банк (ОУХОБ)-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 тоот Хэлэлцээр батлах тухай тогтоолоор баталжээ.

Харин Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай  протоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНКУ-ын Гавана хотноо үйлдсэн байна. Иймээс Монгол Улс нь тус банкны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгааг сайд танилцуулгадаа дурдав.

ОУХОБ-ыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн протоколоор оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм байна. Тухайлбал, компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах Зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо зэрэг гурван түвшинт удирдлагад шилжүүлэх, шинэ дүрмээр Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоох, санал хураах зарчмыг шинэчилж Нэг орон-нэг санал гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзан олон улсын хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжиж байгаа аж. Олон улсын статус бүхий хөгжлийн банкуудад бүгдэд нь, тухайлбал Монгол Улс гишүүнээр нь орсон АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-д банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөөс хамаарсан санал өгөлтийн тогтолцоо мөрдөгддөг аж. 


Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд харин гишүүдээс санал гарсангүй. Ингээд протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ асуудлын талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

Сангийн сайд танилцуулгадаа, Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд тус банкийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгааг дурдлаа.

ЭЗХАОУБ нь хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1963 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд манай улс тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хэлэлцээр батлах тухай  223 дугаар  зарлигаар  баталсан байна.

ЭЗХАОУБ-ны 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Хэлэлцээр болон банкны Дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн протокол, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус холбогдох өөрчлөлтүүдийг оруулжээ.


Тус банкны гишүүн зарим улс банкны гишүүнчлэлээс гарсан, зарим улсаас дүрмийн санд оруулсан хувийг дахин хуваарилсан, зарим гишүүн орны албан ёсны нэр өөрчлөгдсөн, банкны дүрмийн санг бүрдүүлсэн валютын нэрийг евро болгож өөрчилсөн зэрэгтэй холбогдуулж Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколд өөрчлөлт оруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Санхүүжилтийг хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэгдсэн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.

Эхлээд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх бөгөөд зээлийн жилийн хүү 0.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил, үүнээс эхний эхний зургаан жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй. Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгааг онцоллоо.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ зээл нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдаж байгаа, зээлийг авахын тулд Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудтай бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай бодлогын 13,  ОУВС-тай 16, Азийн хөгжлийн банктай 6 арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэхээр тохирч, эхний шатны арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсний үндсэн дээр манай улсад зохих санхүүжилт олгож байгааг онцлов.

Ингээд санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр:Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд  Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үет шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газар энэ хугацаанд 29 бодлогын арга хэмжээ, түүнээс нь 9 арга хэмжээг нь эхний жилд хэрэгжүүлэхээр тохирчээ.  “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны эдгээр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хариуцаж, бүрэн хэрэгжүүлж дуусаад байгаа аж.

Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөх дэмжлэг хэлбэрээр авах юм байна. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов.  Санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг танилцуулсан юм.

Тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 20-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан Томилгооны сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ.


Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд гишүүдийн саналыг Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд нэмж тусган Улсын Их Хурлын даргад танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл