Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо өнөөдөр /2022.12.12/ хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтлоо.
Товыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, сонсголыг улирал дамнуулахгүйгээр шуурхай зохион байгуулах боломж байгаа эсэх, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн халхавчин дор Хөгжлийн банкнаас анхнаасаа буцааж төлөхгүй гэсэн бодолтойгоор зээл авсан хүмүүсийн өр зээлийг буцааж төлүүлэх талаар хэрхэн ажилласан талаар асуулаа. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хяналт шалгалтын ажлын цар хүрээ асар өргөн байгааг тайлбарлаж, одоогоор 1.0 сая гаруй гүйлгээг шалгаад байна гэлээ. Цаана нь ч шалгах шаардлагатай гүйлгээ олон байгаа юм. Тийм учраас бүлэглэж, сонсголыг гурван үе шатанд хуваасан байна. Эхний үе шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно. Хоёр дахь үе шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь үе шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно. Үндсэндээ Хянан шалгах түр хорооны сонсголоор Хөгжлийн банкны бүхий л үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна гэж Б.Энхбаяр дарга тайлбарлалаа. Ийм хэмжээний хянан шалгалт урьд өмнө Хөгжлийн банканд огт хийгдэж байгаагүй. Тодруулбал, тус банкны зээл, гүйлгээ бүрийг шалгаж, тухайн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг нэг бүрчлэн шалгаж буй юм хэмээн тэрбээр ярив.
Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоохтой холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат, Ж.Батсуурь нар санал хэллээ. Өнөөдрийн байдлаар, Улсын Их Хурлын гурван хянан шалгах түр хороо байгуулагдаад байгаа бөгөөд анхных нь Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо юм. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголыг холбогдох гэрчүүдийн бүрэн ирцтэйгээр, ард түмний итгэлийг алдахгүй амжилттай зохион байгуулж, бусаддаа жишиг болж ажиллахыг үг хэлсэн гишүүд онцлон анхааруулж байлаа.
Дараа нь, нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталж тогтоол гаргав. Тогтоолоор, ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар боллоо.
Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар гэрчийг гурваас доошгүй хоногийн өмнө дуудах ёстой бөгөөд мэдэгдлийг цаг, минуттай нь тодорхой дурдаж дуудах учиртай гэж хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, эдгээр гэрчийг сонсголд ирж, асуултад хариулахдаа бэлтгэх цаг хугацаа гаргаж өгөх үүднээс бид 1-3 сарын өмнө зарлаж байна гэсэн юм.
Нийтийн сонсголд гэрчээр дуудна гэдэг бол тэр хүмүүсийг буруутгаж байгаа хэрэг биш юм, харин ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйгээ нотлох боломж олгож байгаа юм гэж Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тодотгов. Тэрбээр, нэрсийн жагсаалтыг хэрхэн тогтоосон болон хэрхэн гурван удаагийн сонсголд хуваарилан зохион байгуулах талаар асуухад хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, одоогоор хийгдээд байгаа хяналт шалгалтын хүрээнд нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд өдөрт 10-аас доошгүй гэрч дуудаж мэдүүлэг авна гэсэн хариулт өглөө. Гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийн жагсаалтад Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд санал гаргаж зарим хүнийг нэмсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ял эдэлж байгаа хүнийг хасуулав.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Улс төрд нөлөө бүхий этгээд/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Хөгжлийн банкны албан тушаалтнууд/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Зээлдэгчдийн төлөөлөл/
№ | Овог нэр | Албан тушаал | Холбогдох зээл |
1 | Ш.Төгсбат | Гүйцэтгэх захирал | Бармон ХХК |
2 | О.Баяр | Гүйцэтгэх захирал | Комплант ХХК |
3 | Р.Мөнхжаргал | Дэд захирал | КЬЮ ЭС СИ ХХК |
4 | Д.Эрдэнэбилэг | Хамаарал бүхий этгээд | КЬЮ ЭС СИ ХХК |
5 | С.Бямбасүрэн | Хувьцаа эзэмшигч | МБҮ ТРЕЙД ХХК |
6 | Д.Батбаяр | Хувьцаа эзэмшигч | МОДУН ХХК |
7 | Д.Лхагвадорж | Хувьцаа эзэмшигч | МОНГЕМА ХХК |
8 | Э.Эрдэнэбилэг | Эцсийн өмчлөгч | МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК |
9 | Б.Даваасүрэн | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК |
10 | Ч.Баттогоо | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК |
11 | Г.Цолмон | Хувьцаа эзэмшигч | ПИРАМИД-ОРД ХХК |
12 | Г.Байгальмаа | Хамаарал бүхий этгээд | ПИРАМИД-ОРД ХХК |
13 | Ц.Баттогтох | Хувьцаа эзэмшигч | ПРОМОН ТРЕЙД ХХК |
14 | Л.Болдбаатар | Санхүү эрхэлсэн захирал | СОР КАШЕМИР ХХК |
15 | Г.Батдорж | Эцсийн өмчлөгч | СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК |
16 | Б.Амармэнд | Гүйцэтгэх захирал | ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК |
17 | М.Баянмөнх | Гүйцэтгэх захирал | ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК |
18 | Ө.Болдсайхан | Эцсийн өмчлөгч | ЭНСАДА-ИСТЕРН ХХК |
19 | Д.Мөнхбаатар | Эцсийн өмчлөгч | ЭРД ХУЛ ХХК |
20 | Мягмардорж | Хувьцаа эзэмшигч | ГАЗ-ИМПОРТ |
21 | Т.Пүрэвдорж | Хувьцаа эзэмшигч | МОН ВАТТ |
22 | Н.Тавинбэх | ЭХЯ-ны ТНБД | Эрчим хүчний яам |
23 | Г.Тэнгэр | ТТЦС ХХК-ийн захирал | Эрчим хүчний яам |
24 | н.Баттулга | Эгийн голын УЦС ХХК-ийн захирал | Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК |
25 | Я.Батсуурь | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс тавантолгой ХК |
26 | Б.Энхбат | Санхүү эрхэлсэн дэд захирал | Эрдэнэс тавантолгой ХК |
27 | Б.Бямбасайхан | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс монгол ХХК |
28 | Ц.Түмэнцогт | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
29 | П.Ганхүү | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
30 | Д.Хаянхярваа | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
31 | О.Хулан | Гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч/ | Эрдэнэс монгол ХХК |
32 | А.Гантулга | Ерөнхий захирал асан | ТОСК ТӨҮГ |
33 | Л.Батжаргал | Гүйцэтгэх захирал | ТОСК ТӨҮГ |
34 | Д.Ганхуяг | Батлан хамгаалах яамны ТНБД | ТОСК хөдөлгөөнт цогцолбор |
35 | Ц.Эрдэмжаргал | Захирал | Зэст-Өндөр ХХК |
36 | Г.Ононтуул | Захирал | Заг инженеринг ХХК |
37 | Л.Чулуунбаатар | Захирал, үүсгэн байгуулагч | Болор шүр ХХК |
38 | Ц.Содхүү | Хувьцаа эзэмшигч | Болор шүр ХХК |
39 | Ц.Ууганбаяр | Гүйцэтгэх захирал | НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК |
40 | Б.Эрдэнэбат | Хувьцаа эзэмшигч | ЭРЭЛ ХХК |
41 | М.Билэгт | Хувьцаа эзэмшигч | АЧЛАЛ ТРЕЙД ХХК |
42 | Э.Золзаяа | Хувьцаа эзэмшигч | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
43 | Д.Оюундэлгэр | Гүйцэтгэх захирал | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
44 | Г.Буяндэлгэр | Хувьцаа эзэмшигч | ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК |
45 | Ш.Билэгтэй | Хувьцаа эзэмшигч | ШАНХ МАЙНИНГ ХХК |
46 | Б.Гантүлхүүр | Хувьцаа эзэмшигч | ПИ СИ ВАЙ ХХК |
47 | Ц.Отгонбаатар | Хувьцаа эзэмшигч | ПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК |
48 | Ц.Насанбат | Хувьцаа эзэмшигч | ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК |
49 | Б.Алтангадас | Гүйцэтгэх захирал | МОНПЕЛЛЕТС ХХК |
50 | Б.Болормаа | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
51 | Б.Мөнхтөр | Захирал | Бэрэн групп ХХК |
52 | М.Цэлмэг | Гүйцэтгэх захирал | Бэрэн групп ХХК |
53 | Т.Болдмаа | Нягтлан бодогч | Бэрэн групп ХХК |
54 | Н.Сүхболд | ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч | Бэрэн групп ХХК |
55 | Б.Батбаатар | Захирал | Инжир ХХК |
56 | Ч.Өлзий | Захирал | Инжир ХХК |
57 | Э.Эрдэнэ | Тагнуулын ерөнхий газрын газрын дарга асан | Инжир ХХК |
58 | Ш.Бүтэд | Мон дулаан трейд ХХК-ийн захирал | Чингис хаан банк |
59 | Г.Ганчимэг | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | МАВАНГҮЙ ХХК |
60 | Ж.Дашдэмбэрэл | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ТИ ЖИ ВАЙ ХХК |
61 | Н.Амгалан | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | БИЙД МАЙНИНГ ХХК |
62 | В.Ганзориг | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК |
63 | Ц. Пүрэврэнчин | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | СОДМОНГОЛ ХХК |
64 | Б.Лхагвадорж | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ПИ АЙ ЭМ ЭМ ХХК |
65 | А.Ариунболд | Хамаарал бүхий этгээд | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
66 | Ц.Баатарбилэг | Гүйцэтгэх захирал | НВЦ ХХК |
67 | Х.Энхсайхан | Гүйцэтгэх захирал | Монлаа ХХК |
68 | Ц.Баярсайхан | Хувьцаа эзэмшигч | Мондулаан трейд ХХК |
69 | Б.Чулуунбаатар | Хувьцаа эзэмшигч | Моннис майнинг ХХК |
70 | Ханагатын Асылбек | Хувьцаа эзэмшигч | Скайланд энержи ХХК |
71 | С.Дуламжав | Хувьцаа эзэмшигч | Сонгоулд ХХК |
72 | Б.Баярмаа | Хувьцаа эзэмшигч | Хатант интернэйшнл ХХК |
73 | Д.Мандахбаяр | Хувьцаа эзэмшигч | Ганхүдэр орд ХХК |
74 | М.Энхтайванбаатар | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
75 | Н.Батмагнай | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
76 | Г.Аюулгүй | Хамаарал бүхий этгээд | Азийн бамбар ХХК |
77 | У.Тулгаболд | Хувьцаа эзэмшигч | Нью хаппи ХХК |
78 | Н.Өлзийбаяр | Хувьцаа эзэмшигч | БНМС ХХК |
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нийтийн сонсголд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хэрхэн оролцуулах, дуудсан гэрчүүдийг заавал ирүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах эсэх талаар тодруулав. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хуулийн хүрээнд сэтгүүлчдийн ажиглах, сурвалжлах бүрэн боломжийг нээж, сонсголыг нээлттэй явуулна. Харин гэрчүүдээс асуулт асуух, ярилцах эрх зөвхөн хянан шалгах түр хорооны гишүүдэд л бий гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал хуулийн байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх эрхгүй тул хянан шалгах түр хорооноос дуудсан гэрчүүдийг сонсгол болтол хилийн хориг тогтоо гэх мэт үүрэг даалгавар өгөх боломжгүй юм. Гагцхүү, нийтийн сонсголын ирцийг бүрдүүлж, дуудсан гэрчүүдийг ирүүлэхэд тусалж ажиллахыг хууль хяналтын байгууллагуудад уриалж л чадна гэсэн юм.
Тогтоолын гуравдугаар заалтаар тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийхийг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярт зөвшөөрөв.
Мөн Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагчийн ажлын хөлс болон шинжээчийн төлбөрийн хэмжээг баталлаа. Түүнчлэн өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Батцэнгэлийн Мөнх-Оршихыг шинжээчийн бүрэлдэхүүнээс чөлөөлж, Чулууны Амарбаясгалан, Очирхуягийн Мөнхбат нарыг уг бүрэлдэхүүнд ажиллуулахаар томилов. Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчдийн үндсэн ажлын байрыг хадгалах, нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх, нэр хүндийг хамгаалахад анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ зөвлөлөө.
Хуралдааны төгсгөлд, Түр хорооны хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох материал, баримт сэлтийг цаг тухайд нь бүрэн гүйцэд гаргаж өгч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал Э.Ганзориг нарт чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.