Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.12.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхэлж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулгадаа, энэ үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлэхээр байгааг өөрчилж, хувь хүн ч бас үзүүлж болох боломжийг нээхээр хууль санаачилж байна. Олон улсын болон Монгол Улсын татварын орчин хурдацтай өөрчлөгдөж байна. Манай улс татварын хууль, тогтоомжууддаа хамгийн сүүлд л гэхэд 2015, 2019 онуудад шинэчлэл хийсэн. Гэтэл Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд 2013 оноос хойш дорвитой өөрчлөл оролгүй 10 жил болж байгааг дурдав.
Татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага хөдөө, орон нутагт дутмаг байна. Ялангуяа сумдад татварын талаар мэргэжлийн зөвлөх үйлчилгээ хүрээгүйгээс засаг захиргааны анхан шатны түвшинд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес хөгжих боломж бүрдэхгүй байна. Мөн орон нутгийн бичил, жижиг бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид татварын хариуцлагын эрсдэлд орох өндөр магадлалтай байдаг. Үүнээсээ болоод үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж чадахгүй болоход хүрэх нь ч бий. Энэ эрсдлийг татварын мэргэжлийн зөвлөгч хувь хүмүүс бууруулж өгнө. Татварын тогтолцоонд, буцааж авах, хөнгөлөлт урамшуулал эдлэх гэх мэт олон боломж байдаг. Гэтэл татвар төлөгчид эдгээр боломжийг мэддэггүйгээр хүртэж чаддаггүй. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авснаар татвар төлөгчид эдгээр боломжуудаа бүрэн ашиглах бололцоотой болно.
Өнөөдрийн байдлаар Сангийн сайдын тушаалаар1800 гаруй хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгоод байгаа юм. Эдгээр зөвлөхүүд хуулийн этгээдийн нэр дээр бус хувиараа ажиллаж, харъяа хороо дүүрэг, сум, орон нутагтаа үйлчилгээ үзүүлэх боломжтой болсноор цар хүрээгээ тэлж чадна.
Мөн, мэргэжлийн зөвлөгч нар татвар төлөгчдийн эрсдэлийг хуваалцах, үүрэг, хариуцлагыг хамт хүлээх зохицуулалтыг энэ хуулийн төсөлд хийж өгсөн. Ингэснээр татварын зөвлөх үйлчилгээ эрхлэгч нь эрх, үүрэг, мэргэжил, ур чадварын цогц бүрдэл бүхий бие даасан институци болж буй юм гэлээ.
Төсвийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хороо хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаар санал хураахад гишүүдийн 55.6 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр тендерт оролцохоор санал ирүүлж буй хуулийн этгээд тендерийн баталгааг банкны, Засгийн газрын бондын гэх мэт хуульд заасан хэлбэрээр ирүүлэхээс гадна даатгагчийн баталгаа хэлбэрээр ирүүлж болохоор тусгасан байна.
Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы хуралдаанд танилцуулсан юм.
Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг “2022 оны 01 дүгээр сарын 30” гэж тусгасныг “2023 оны 01 дүгээр сарын 31” гэж өөрчлөх, мөн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл дэх “баталгаа” гэсэн томьёоллыг “даатгалын баталгаа” хэмээн тодотгох болон бусад найруулгын шинжтэй санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4-62.5 хувийн саналаар дэмжлээ.
Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.
Одоо мөрдөгдөж байгаа 1997 онд батлагдсан хуульд холбогдох бусад хууль шинэчлэгдсэн болон шинээр батлагдсантай холбоотойгоор 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Эдгээрээр 15 зүйл, 41 хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж, хоёр хэсэг шинээр нэмэгджээ. Нийтдээ хуулийн 30 гаруй хувьд нөмөлт, өөрчлөлт орсон нь тус хуулийг шинэчлэн найруулах шаардлага бий болгож байгаа юм. Геодези, зураг зүйн салбар нь улсын хилийг тодотгон тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээ, газрын гадаргын бодит байдал болон түүн дээрх объектуудыг геодезийн өндөр нарийвчлал бүхий хэмжил зүйгээр орон зайн харилцан байршлаар хэмжин зураглаж, байрлалд суурилсан орон зайн болон газрын зургийн тоон мэдээллээр батлан хамгаалах, газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот байгуулалт, барилга, эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаанд ашиглагдах бүтээн байгуулалтын төлөвлөлтийн суурь мэдээллийг бүрдүүлдэг, улс орны батлан хамгаалах аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөгжлийн суурь салбар юм. Иймд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хуулийн төслийн талаар танилцуулахдаа, геодези, зураг зүйн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэл, тооцоотой хийгддэг нарийн мэргэжлийн ажил учраас шинэ техник, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн институцийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн өөрчлөлт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэлтийг тусгах болон уг хуульд олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсэж байна хэмээн онцлов.
Засгийн газар хуулийн төслийг боловсруулах хүрээнд урьдчилсан тандан судалгаа, яам, агентлаг, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцуулсан хэлэлцүүлэг хийж, эдгээрээс гарсан санал дүгнэлтийг тусгажээ. Мөн геодези, зураг зүйн бүтээгдэхүүн болон хэмжилт, зураглалын ажлууд, үүний дотор төрийн болон албаны нууцыг агуулсан нь улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн байдаг тул Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл болон Тагнуулын ерөнхий газрын саналыг тусгасан байна.
Хуулийн төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Г.Дамдинням, Т.Энхтүвшин, Б.Саранчимэг нар аймаг, сум, багийн хилийн цэс, тэдгээрийн баталгаажуулах явцад гарч байгаа хөдлөл, өөрчлөлт, түүнтэй холбоотой гарч буй маргаан болон геодезийн тэмдэгт, түүний хамаалалт, хариуцах байгууллага зэрэг асуудлаар асуулт асууж, Хот байгуулалтын тухай, Газрын багц хууль зэрэг бусад хууль тогтоомжтой уялдуулах, газар зүйн мэдээллийн сан, системийн харилцан холболт, ашиглалтын зардал гэх мэт цөөнгүй чиглэлээр санал хэлсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар дээрх тэмдэг, тэмдэглэгээ, тэдгээрийн оновчтой, бүрэн бүтэн байдал бүхий л аймаг, сумдад маргаантай байгааг дурдаж, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газар, Байгаль орчны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатайг Барилга, хот байгуулалтын яаманд зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр дэлхий дахинд Google Earth, Google Map-ыг өргөн ашиглаж байгаатай холбогдуулан Google компанитай хамтран ажиллаж байгаа эсэхийг лавлаж, хариулт авлаа. Бас говийн бүсэд хийж буй уул уурхайн зориулалттай төмөр замын бүтээн байгуулалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын саналыг авч, хамтран ажилласан эсэх талаар тодрууллаа. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг аймаг, сумдын хилийн цэсийн маргаантай асуудлыг Засгийн газар иж бүрнээр судлан танилцуулж, хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд оруулж ирэх нь зүйтэйг санал болголоо.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.3 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төслийг холбогдох хуулиуд болон одоо хэлэлцэж байгаа шийдвэрүүд, өргөн барьсан бусад төслүүдтэй уялдуулах, нийцүүлэх, зөрчил, давхардлыг арилгахад анхаарахыг сануулав.
Чуулганы хуралдааны төгсгөлд 2020 оны 05 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг татан авахаар Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.