Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.12.19/ хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


Тогтоолын төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

2017 оны байдлаар 18 аймаг, хотын 43 сум, дүүргийн 1929.67 га бүхий 143 талбайд бичил уурхайн дүгнэлт гарсан бөгөөд нийт 19 аймаг, нийслэлийн 2 дүүрэг, 82 суманд 580 нөхөрлөл ажиллаж, бичил уурхай эрхлэгч 6055 хүн, хувиараа ашигт малтмал олборлогч 4915 хүн байгаа талаар судалгаа гарчээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна гэлээ.


Холбогдох төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаагаар бичил уурхай эрхлэгчдийн 70.9 хувь нь эрэгтэй, бичил уурхайчдын дундаж нас 37.14 байгаа бөгөөд ам бүлийн хувьд дунджаар 4-5 хүнтэй байгаа аж.

Судалгаанд хамрагдсан бичил уурхайчдын 43.1 хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 12.1 хувь нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байна. Тиймээс цаашид төрийн зүгээс бичил уурхай эрхлэгч иргэдэд ажил, мэргэжлийн өөр төрлийн, богино хугацааны сургалт, давтан сургалт явуулах, дадлагажуулах хугацаанд тэдгээрт түр хугацааны тэтгэлэг олгох, үр дүнг нь харгалзсан санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч хэллээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, бичил уурхай эрхлэгчид хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг, олборлосон талбайгаа нөхөн сэргээлгүй орхидог, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажилладаггүйгээс амь насаа алдах явдал гардаг зэрэг сөрөг мэдээлэл дуулдсаар ирсэн. Хэдийгээр эдгээр хүмүүст нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь зүйн хэрэг ч хариуцлагатай болгох талаар ямар арга хэмжээ авч байна вэ хэмээн тодруулсан.


Төсөл санаачлагч болоод ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, 18 аймаг, 43 суманд ажиллаж буй 6000 гаруй иргэн, 500-гаад нөхөрлөл хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин тэдгээр хүмүүс, нөхөрлөлийн хажуугаар албан ёсны зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байсаар байгаа гэлээ. Монголын бичил уурхайн нэгдсэн холбоонд бүртгэлгүй, гишүүнчлэлгүй атлаа техник хэрэгсэлтэй хүмүүс хууль бусаар бичил уурхайн олборлолт явуулаад байдаг хэмээн тус холбооны Гүйцэтгэх захирал Д.Баярмаа хэллээ. Ийм хүмүүсийн зарим нь рецедив гэмт хэрэгтнүүд, бөхчүүд, боксчид байдаг гэж тэрбээр тодотгоод тиймээс цаашид албан ёсны бүртгэлтэй, зөвшөөрөлтэй хүмүүсийг үнэмлэхжүүлээд, кодлоод явах нь зүйтэй байгаа гэв.

УИХ-ын гишүүн Х.Баделхан орон нутаг дахь төрийн байгууллагууд бичил уурхай эрхлэгчдийг бүртгэх, аюулгүй байдлыг хангах талаар хэрхэн ажилладаг талаар лавласан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тохиолдол хамгийн олон гарсан газар нь Налайхын уурхай болохыг тодотгоод 2006-2016 онд тус газарт 300 гаруй удаа осол гарч 125 хүн амиа алдсан гэлээ. 2017 онд л гэхэд 13 хүн амиа алдсан бөгөөд ийм газраас олборлолт хийхийг хүчээр зогсоосон ч иргэдийн амьжиргаа болохоор буцаад л ажиллаад эхэлдэг аж. Тиймээс бичил уурхайн зэрэгцээ ажлын байрыг бий болгож, иргэдийг мэргэшүүлэн шилжүүлэх асуудлыг тогтоолын төсөлд тусгаад байгааг тэрбээр онцолсон юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, хөдөө бичил уурхай эрхэлж байгаа хүмүүсийг хаана сургалтад хамруулахыг тодруулсан. Түүнчлэн бичил уурхай эрхлэгчид хэдий хэмжээний газарт нөхөн сэргээлт хийсэн талаар лавлаж байлаа.

Бичил уурхай эрхлэгчдийг өөр ажлын байр руу шилжүүлэхийн тулд мэргэшүүлэх сургалтад хамруулах асуудлыг судалж үзсэн хэмээн төсөл санаачлагч хариулсан. Энэ арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ хэд хэдэн олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчдийн зүгээс мэдэгдээд байгаа бөгөөд улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй хэмээн тооцож байгаа юм байна.

Олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар 2015-2017 онд 247 га-д, бичил уурхай эрхлэгчид дундын сангаасаа санхүүжүүлэн 120 га газарт нөхөн сэргээлт хийсэн аж.


УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг олон хүний амьжиргааг залгуулж байгаа бичил уурхай эрхлэгчдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр гадны төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр сургалтад хамруулах хүмүүст тэтгэлэг олгоно гэж тогтоолын төсөлд тусгасаныг тодруулахыг хүссэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж, өөр ажлын байр руу шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардлагатай. Энэ чиглэлээр гадны олон оронд хэрэгжүүлсэн олон улсын байгууллагуудын хөтөлбөрүүдийг судалж үзсэн. Тэдгээр байгууллагуудын хуримтлуулсан туршлагыг авч хэрэглэх нь оновчтой байгаа юм. Сургалтад хамруулахад тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог туршлага бий. Гэхдээ үүнийг тэтгэлэг гэж үзэхээсээ илүүтэй тодорхой мэргэшсэн чиглэлээрээ ажиллахад нь тус болох хүртээмжтэй санхүүгийн эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл хэмээн тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь судалгаагаар бичил уурхай эрхлэгчдийн хувьд мэргэжлийн боловсролын сургалт их эрэлттэй байгаа нь харагдсан. 2017 онд 85 хүнийг олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар сургаж, 25 хүнд зээл олгосон тоо бий хэмээн хариулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, А.Ундраа, Д.Гантулга нар байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томьёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Эрүүл мэндийн даатгалын сангийн талаархи Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо

Дараа нь Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн.


Улсын Их Хурлаас “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг батлан, 1994 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төсвөөс бүрэн хариуцаж байсныг өөрчилж, төсвийн ачааллыг хуваалцах, эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан үндэсний эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцооны суурийг тавьсан хэмээн сайд С.Чинзориг мэдээллийнхээ эхэнд хэлсэн.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын чиг үүргийг 138 ажилтан хэрэгжүүлдэг бөгөөд үүнээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт 46, аймгуудад 68, дүүргүүдэд 24 ажилтан ажиллаж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй бөгөөд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилсан.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн цагаас эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын нийт хүн амын 73.4-98.6 хувийг хамруулж, сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр биелүүлэн, сангийн орлогыг жилээс жилд нэмэгдүүлсээр иржээ. Тухайлбал 1995 онд 7.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж байсан бол 2016 онд 302.6 тэрбум төгрөгт хүрч  сангийн орлого 40.4 дахин нэмэгдсэн байна.

Харин даатгуулагчийн эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээний нэр төрөл, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж иржээ. Өөрөөр хэлбэл 1996 онд эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор 1246.2 мянган даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд 6.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд 5.7 сая даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд 238.5 тэрбум төгрөг зарцуулан даруй сангийн зардал 37.3 дахин өссөн байна.

Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 18.0-31.5 гаруй хувийг, тусламж, үйлчилгээний зардлын 40-45 орчим хувийг эзэлж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр зарлагаасаа давсны улмаас санд 2017 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 473.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй, үүнээс 442.2 тэрбум төгрөг нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд, 31.2 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд хэлбэрээр байршиж буй аж. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэн батлагдсанаар 2015 оноос даатгуулагчид үзүүлсэн өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж эхлэн, энэхүү тусламж, үйлчилгээг даатгуулагчид нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлал, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгүүд үзүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 2015 онд 2046 даатгуулагчид тусламж, үйлчилгээний зардалд  3.3 тэрбум төгрөг, 2016 онд 11365 даатгуулагчийн 15.6 тэрбум төгрөг, 2017 оны III улирлын байдлаар 10326 даатгуулагчийн 1563 тэрбум төгрөгийн зардлыг дээрх эрүүл мэндийн байгууллагад олгосон нь даатгуулагчийн халааснаасаа төлөх төлбөрийг бууруулж, санхүүгийн эрсдэлээс хамгаалсан байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед хэрэглэсэн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд 2016, 2017 онд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 8 даатгуулагчийн хэрэгслийн зардалд 98.8 сая төгрөгийг зарцуулжээ.

Энэхүү өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгал сангаас санхүүжүүлсэн нь даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авах, тэдний эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, эрүүл мэндийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас улсын эмнэлгийн ачааллыг бууруулах, эмнэлгүүдийн хооронд өрсөлдөөнийг бий болох,  улмаар гадаад оронд эмчлэгдэх иргэдийн тоог бууруулснаар нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дүн гарч байна хэмээн сайд хэллээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх 10 ерөнхий нэршлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн үнийн хөнгөлөлттэйгээр нийгмийн даатгалын гэрээ бүхий 808 эмийн сангаар дамжуулан 124 мянган хүүхдэд олгосон бөгөөд 1.0 тэрбум төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна.

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж энэ оны  3 дугаар сараас 7 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад үзүүлж буй гемодиализ тусламж, үйлчилгээг худалдан авч эхэлсэн бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд бөөрний архаг  дутагдалтай 150 гаруй хүнд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, төлбөргүй үзүүлэх нөхцөл бүрджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны бүх даатгуулагчийг В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд,  мөн элэгний С вирустэй даатгуулагчийг вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд тус тус хамруулах, элэгний С вирусийн эсрэг эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

2017 оны 11 сарын эцсийн байдлаар С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 37000 гаруй даатгуулагч хамрагдан эрүүл мэндийн даатгалын сангаас 3.1 тэрбум төгрөг,  В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 346302 даатгуулагч хамрагдаж, 969,6 сая төгрөг, элэгний С вирусийн эмийн үнийн хөнгөлөлтийг 17395 даатгуулагч эдэлж 6.9 тэрбум төгрөгийн зардлыг даатгалын сангаас тус тус зарцуулсан гэлээ.

Үргэлжлүүлээд тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.21-д Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллагыг бүрдүүлж, даатгуулагч төвтэй, орчин үеийн менежмент бүхий стратегийн худалдан авагч болгон хөгжүүлнэ гэж заасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарт зориулсан нөөцийг хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх, хувь хүний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа өөрөөсөө төлдөг шууд төлбөрийн хэмжээг багасгах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад саад болж байгаа санхүүгийн дарамтыг арилгах, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг илүү үр ашигтай, тэгш болгох шаардлага бий болсон. Энэ шаардлагыг хангахад Эрүүл мэндийн даатгалын сан, түүний удирдлага зохион байгуулалтыг нийгмийн даатгалын тогтолцооноос салгаж, үе шаттайгаар бэхжүүлэх явдал чухал ач холбогдолтой юм хэмээн тэрбээр онцоллоо.

2017 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 89.7 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2017 оны орлогын 59.4 хувийг төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцдаг иргэдийн шимтгэл, 30.3 хувь нь даатгуулагчдын төлөх шимтгэлийн орлого бүрдүүлж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын сан нь орлогоороо зарлагаа бүрэн санхүүжүүлж, улмаар чөлөөт үлдэгдэлтэй байгаа. 2016 оны байдлаар 367.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан үлдэгдэлтэй яваа гэж сайд Д.Сарангэрэл хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын сан чөлөөт үлдэгдэлтэй хэдий ч Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын санхүүжилтийн эх үүсвэрт ЭМД-ын сангийн санхүүжилт дөнгөж 23 хувийг эзэлж байна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орсон тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлж чадахгүй байгааг харуулж байна хэмээсэн.

Өнөөгийн манай нөхцөлд эрүүл мэндийн даатгалын шимтгэл цуглуулдаг арга нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зөв аргачлалд тооцогддог. Бага зардлаар шимтгэл цуглуулдаг одоогийн энэ аргыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа сайд илэрхийлсэн. Бусад улс орнуудад шимтгэлийн орлогын 2-5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийн шимтгэл цуглуулсан байгууллагад захиргааны болон үйл ажиллагааны зардал болгон үлдээдэг байна.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орох гишүүдийн нэрс, даргыг шинэчлэн баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт чиг үүрэг нь шилжиж байгаатай холбогдуулан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэх, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажил хүлээлцэх комиссыг байгуулахаар ажлын хэсэгт орох гишүүдийн саналыг Сангийн яамнаас авахаар албан бичгийн хариуг хүлээж байгааг дуулгасан. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байгаа хэмээн мэдээллээ.

Сайд нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Х.Баделхан, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Мөн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тайлан, мэдээлэл сонслоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл