Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулах тухай, Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай, Түр хорооны даргыг сонгох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын 2022 оны 21 дүгээр тогтоолоор байгуулсан Хүний эмийн чанарын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржхандыг чөлөөлжээ.

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан сараар сунгахаар тогтоосон.

Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгожээ.  

Мөн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ажээ.

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Дулмаагийн Оюундарийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Балжирхүүгийн Энхтайваныг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дараах арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгожээ: -Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглосон төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн холбогдох албан тушаалтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, тэтгэмжийг зохих журмын дагуу шийдвэрлэх; -жил бүрийн төсвийн төслийн талаарх саналаа Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлсний үндсэн дээр хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг  төлөвлөж, эрх бүхий этгээдэд хүргүүлэх;  -байгууллагын үндсэн чиг үүрэгт шууд хамаарах, үйл ажиллагааны цар хүрээ, онцлог байдал нь танхимаар болон биечлэн хийх зайлшгүй шаардлага үүсдэгээс бусад тохиолдолд сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах; -Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зураг, төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 онд боловсруулахгүй, энэ чиглэлээр төсвөөс хөрөнгө зарцуулахгүй байх.

Мөн төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, техник хэрэгслийн нийтлэг жишигт өөрчлөлт оруулах талаар болон төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох талаар санал боловсруулж, 2022 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан байна.

Түүнчлэн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний 2023 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж цахим дэлгүүрт оруулах, бараа, үйлчилгээний тоо хэмжээ, гэрээ байгуулсан нэгж үнийн талаарх санал, мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, цахим дэлгүүрийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, дэлгүүрт байршуулах бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтыг шуурхай, нээлттэй зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгосноос гадна үзүүлж байгаа үйлчилгээнийхээ орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсвийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах болон төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг судлан санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгажээ.

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг баталсан бөгөөд тус жагсаалтад Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Монголбанкны Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Ерөнхий аудитор, Авлигатай тэмцэх газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал хамаарах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл