Цэс

Холбоо барих

Белградын зарчмуудын талаар товч танилцуулж, Монгол Улсын Их Хурлын туршлагыг хуваалцав


   Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2022.11.21) Төрийн ордонд болж, оролцогчид цахимаар болон танхимаар оролцов.  

   Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү хэлэлцүүлэг нь хууль хэрэгжсэнээс хойш Монгол Улсын Их Хурал, Хүний Эрхийн Үндэсний Комисс хоорондын өнөөгийн харилцааг дүгнэх зорилготой юм. Мөн Улсын Их Хурал, ХЭҮК-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, хүний эрхийн чиглэлээр тус тусын үйл ажиллагааг дэмжих арга замыг судлах зорилготой юм.

   Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри нар үг хэлсэн. Үргэлжлүүлэн Белградын зарчмуудын талаар Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга товч танилцууллаа.

   НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар (НҮБХЭДКГ), Сербийн Омбудсийн байгууллагуудаас 2012 онд зохион байгуулсан олон улсын семинарын үеэр парламентын сонгогдсон төлөөлөгчид болон ХЭҮБ-ын сонгогдсон төлөөлөгчид ХЭҮК болон парламент хоорондын харилцааны тухай Белградын зарчмуудыг баталсан.


   Олон улсын болон үндэсний хүний эрхийн стандартыг бүрэн хэрэгжүүлэхэд холбогдох бүх оролцогч талуудыг багтаасан хүний эрхийг хамгаалах үр дүнтэй үндэсний тогтолцоо байх нь чухал юм. Парламент болон Хүний эрхийн үндэсний байгууллага (ХЭҮБ) нь үндэсний гол оролцогч талууд байдаг. Ардчилсан сонгуулиар сонгогдсон парламент нь иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох үндсэн эрхийг төлөөлж хүн бүрийн ирээдүйн талаар шийдвэр гаргадаг. Хууль батлах, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг парламентын үйл ажиллагаа нь хүний эрхийг үндэсний хэмжээнд илүү сайн сурталчлах, хүндэтгэх явдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

   Хүний эрхийг дотооддоо сурталчлах, хамгаалах өргөн чиг үүрэгтэй төрийн байгууллага болохын хувьд ХЭҮК нь хүний эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд баталсан Парисын зарчмууд нь ХЭҮБ-ыг байгуулах үндсийг тавьж, эдгээр байгууллагууд үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах олон улсын наад захын хэм хэмжээг тодорхойлсон (НҮБ-ын 48/134 тоот тогтоол). Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь Парисын зарчмуудыг бүрэн дагаж мөрддөг тул “А” статустай.

   Монгол Улсын Их Хурал, ХЭҮК нь хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хамгаалах үйлсийнхээ үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа нь нэн чухал юм. Парламент болон Хүний эрхийн үндэсний байгууллага чиг үүргийн хувьд ялгаатай ч үндэсний хэмжээнд хүний эрхийг хангах нийтлэг зорилготой ажилладаг. Энэхүү хоёр бүтцийн давуу талд суурилаад, Белградын зарчмууд хэмээх баримт бичгийг баталсан гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

   Белградын зарчмууд баримт бичиг нь зургаан хэсгээс бүрддэг байна. Хүний эрхийн үндэсний байгууллага нь бие даасан, хараат бус байдлаар ажиллах нь хамгийн чухал. Энэ хүрээндээ байгууллагын төсөв ч нэн чухал бөгөөд парламент үүн дээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг баримт бичигт тусгасан байна. Хамтын ажиллагааны хэлбэрүүд олон байж болох бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллага нь мэдээлэл, тайлан хүргүүлэх, парламентын зүгээр хараат бус үйл ажиллагаа явуулах боломжийг бүх талаар дэмжин, хамтарч ажиллах бололцоо бий гэв. Монгол Улсын Их Хурал нь хүний эрхийн үндэсний байгууллага болох Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ээ олон улс орны парламентуудын адилаар Байнгын хорооны түвшинд хэлэлцсэн төдийгүй чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн нь чухал ололт амжилт гэдгийг Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илтгэлийнхээ үеэр онцолж байлаа.


   Хүний эрхийн үндэсний байгууллагын тайлангаа хэлэлцэх явцдаа цаашдын хамтын ажиллагааны арга хэлбэрүүд, механизмаа бүрдүүлэх нь чухал гэдгийг тайлбарласан. Парламент нь хууль тогтоох эрх мэдлийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлдэг тул аливаа хууль, шийдвэр гаргахдаа хүний эрхийн үндэсний байгууллагатай зөвлөдөг, мэргэжлийн удирдамж, дүгнэлтийг авах байдлаар хамтран ажилладаг байх нь чухал учир Белградын зарчмууд баримт бичигт тусгасан байна. Нөгөөтээгүүр, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн үр нөлөөний үнэлгээг тогтмол хийдэг байх шаардлагын талаар илтгэгч тайлбарласан.

   Парламент, хүний эрхийн үндэсний байгууллага хамтраад улсын хэмжээнд хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөгжүүлэх, энэ чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байдаг байна. Шүүх эрх мэдлийн тогтолцооны хүрээнд  хүний эрхийг хангах, бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой бөгөөд парламент, хүний эрхийн үндэсний байгууллага хамтран энэ чиглэлээр санаачилгатай хамтын ажиллагаа өрнүүлэх бололцоо байдгийг дурдаж байв.


   Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илтгэлийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны гишүүд болон Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүдийг оролцуулсан судалгааны талаар танилцуулж, хамтын ажиллагааг бэхжүүлснээр улс орны хэмжээнд хүний эрхийн талаар нэгдсэн байр суурьтай болох боломж бий гэдгийг хэлсэн.

   Олон Улсын Парламентын Холбоо нь НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газартай нягт уялдаатай, хамтран ажиллахыг эрхэмлэдэг болохыг ноён Рожиер Хуйзенга илтгэлийнхээ үеэр тэмдэглэж байсан. Парламентыг хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд түлхүү оролцуулах, идэвхжүүлэх, Белградын зарчмууд зэрэг хүний эрхийн энэ механизмуудыг олон улсын чанартай болгох үүднээс Олон Улсын Парламентын Холбоо ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр танилцуулсан.


   Хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс хоорондын хамтын ажиллагааны талаарх илтгэлээр үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдаад 22 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арвин их ажилтай хэдий ч иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэл бас багагүй сонссон. Өнгөрсөн хугацааны алдааг засаж сайжруулах, оноог бататгах үүднээс Монгол Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан” гэлээ. Тус хуулийг шинэчлэн батлахдаа Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх суурь заалтуудыг удирдлага болгосон гэдгийг онцолж байв.

   Үргэлжлүүлэн тэрбээр 2012 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Серб Улсын Белград хотноо зохион байгуулагдсан “Хүний эрхийн үндэсний байгууллагууд болон парламент хоорондын харилцаа” олон улсын хурлаас баталсан зарчмуудыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд хэрхэн тусгасан талаар товч танилав.

   Хүний эрхийн үндэсний байгууллага (ХЭҮБ)-ыг байгуулах, түүний чиг үүрэг, бие даасан байдал болон хариуцлагын тогтолцоог хангахад парламентын гүйцэтгэх үүрэг зарчмын хүрээнд: Хуулийг шинэчлэн батлахдаа олон талын хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг тусгасан. Түүнчлэн хүний эрхийг хангах, хамгаалах Хүний эрхийн үндэсний байгууллагын Олон улсын зохицуулах хорооны ерөнхий дүгнэлт болон сайн туршлагыг авч үзэж, хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний улс төр, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон аюулгүйн баталгааг тодорхой хуульчилсан талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын Их Хурал Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр баталсан бөгөөд Ази тивдээ анх удаа ийм хуулийг батлан хэрэгжүүлж байгааг Л.Мөнхбаатар гишүүн дурдаж байв.

   Тус хуульд хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж; ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг “хүний эрх хамгаалагч” гэж ойлгохоор заасан.

   Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий 6 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллах бөгөөд Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн 4 төлөөлөл ажиллахаар заасан нь хүний эрхийг хангах, хамгаалах ажилд ихээхэн дэвшил болно хэмээн тооцсон гэдгээ Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэн хэлэв.

   Хүний эрхийн үндэсний байгууллагын санхүүгийн бие даасан байдлыг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2023 оны төсвийг хэлэлцэн, хянаж хүргүүлсэн бөгөөд Засгийн газраас ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Хууль зүйн байнгын хорооны хянасан дүнг бууруулаагүй, Улсын Их Хурал төсөвлөгдсөн дүнгээр нь баталсан.


   Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд бодлогын олон өөрчлөлт оруулсны нэг нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал гээд Л.Мөнхбаатар гишүүн энэ талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Комиссын гишүүнийг хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, сонгон шалгаруулахаар хуульчилсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

   Сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, Сонгон шалгаруулах хараат бус ажлын хэсгийг 9 байгууллагын төлөөллөөр байгуулах, нэр дэвших хүсэлт гаргах, сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэх, оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, нэр дэвшүүлэх гэсэн 7 үе шатын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг болсон. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад 24 хүн оролцогчоор бүртгүүлэх хүсэлт гаргасан гэдгийг тэрбээр тэмдэглээд “Үүнээс дүгнэхэд энэ зохицуулалт нь хэрхэн үр дүнгээ өгч байгаа нь тодорхой харагдах байх” гэлээ. Комиссын гишүүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан, эсхүл гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал эрх бүхий байгууллагын саналыг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр заасан бөгөөд Комиссын гишүүн гэмт хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн түүний бүрэн эрхийг сэргээж Улсын Их Хурал тогтоол гаргах юм. Эсхүл Комиссын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, энэ талаарх шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон тохиолдолд, Улсын Их Хурал тухайн гишүүнийг албан тушаалаас нь огцруулах хуультай.

   Түүнчлэн Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр хүсэлт гаргасан, өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах болсон, эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхзэ хэрэгжүүлэх боломжгүй болсноос өөрөө хүсэлт гаргасан, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол Комиссын гишүүнийг чөлөөлдөг байхаар хуульчилсан.

   Жил бүрийн эхний улиралд багтаан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар ХЭҮК нь Улсын Их Хуралд илтгэж байсан бөгөөд эл илтгэлийг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн илтгэлийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, эсэх асуудлыг олонхын саналаар шийдвэрлэдэг байсан. Энэ хугацаанд нэг л удаа буюу 2006 онд дээрх илтгэлийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож байсан.

   Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргадаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил бүрийн илтгэлийг Улсын Их Хурлын нийт гишүүд сонсож, шийдвэр гаргадаг байх нь Улсын Их Хурлын үндсэн зорилт болох ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг бүрэн хангахад чухал ач холбогдолтой гэж үзсэн учраас шинэчлэн баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тухай хуульд “Комиссын илтгэлийг жил бүрийн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргана” гэж хуульчилсан. Эрх зүйн орчны энэхүү өөрчлөлтөөс хойш Монгол Улсын Их Хурал “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар авах арга хэмжээний тухай” хоёр тогтоол баталж, Засгийн газарт үүрэг чиглэл өгөөд байгаа юм. Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолын биелэлтийг нэг мөр хангуулах, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор тогтоолын биелэлтийг танилцуулж байх үүргийг Засгийн газарт өгч хуульчилсан.

   Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллага хоорондын харилцааны хэлбэрүүд: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр ажиллана” гэсэн зохицуулалттай. Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хороо нь Хүний эрхийн Үндэсний Комисстой нягт хамтран ажиллаж байгаа талаар Л.Мөнхбаатар гишүүн мэдээлэл өгсөн.

   Хууль тогтоомжийн талаарх хүний эрхийн үндэсний байгууллага болон парламент хоорондын хамтын ажиллагаа: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комиссын дарга нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын даргын хүсэлтээр оролцох, Комиссын гишүүд хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх бүрэн эрхтэй юм.


   Өмнөх хуулийн зохицуулалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хэрхэн шийдвэрлэснээ эргэж мэдэгддэггүй, хариу өгдөггүй, үүнээс нь шалтгаалан Комиссын гишүүний болон хараат бус байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх явдал гарч байсныг Л.Мөнхбаатар гишүүн илтгэлийнхээ үеэр дурдаж байв. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зарчмын өөрчлөлт оруулж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмж, шаардлага заавал биелдэг байх зохицуулалтыг оруулжээ.

   Илтгэлийнхээ төгсгөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгамдаад байгаа асуудал болон цаашид хамтарч ажиллах талаар санал солилцсон гэдгээ дурдав. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд хүний эрхийн асуудлаар дүгнэлт өгдөг механизмыг бүрдүүлэх талаар тодорхой санал солилцсон гэдгээ тэмдэглэсэн.

   Ийнхүү Улсын Их Хурлын зүгээс Белградын зарчмын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрх зүйн орчныг шинэчилж, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн талаарх туршлагаа хуваалцав.


   Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Улсын Их Хуралтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан танилцууллаа.

   Улс орнууд хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн үндсийг өөр өөрийн онцлогоос шалтгаалан ерөнхийлөгчийн зарлиг гаргах буюу парламентаас хууль тогтоомж батлах замаар тавьдаг тул хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдлыг хангахад парламент чухал үүрэг гүйцэтгэдэг. Улсын Их Хурал 2000 оны арван хоёрдугаар сард Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль баталснаар эрх зүйн орчин бий болж, 2001 оны хоёрдугаар сард Комиссын анхны гишүүд тангараг өргөсөн. Улсын Их Хурлаас удирдлага нь томилогдож, хүний эрхийн төлөв байдлын талаар илтгэл боловсруулан Улсын Их Хуралд хүргүүлж, хэлэлцүүлдэг субъектийн хувьд Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Их Хуралтай тогтмол харилцаж ажиллах нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Их Хуралтай Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж, жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх; Улсын Их Хурлын тогтоолын дагуу Комиссын илтгэлийн мөрөөр эргэх холбоотой биелэлтийг хянах; Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын даргын хүсэлтээр оролцох; Улсын Их Хурлын Тамгын газартай судалгаа мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах зэргээр харилцаж, хамтран ажиллаж байгаа гэв.

   2000 онд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил бүрийн эхний улиралд багтаан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар заасны дагуу жил бүр илтгэлийг өргөн барьж ирсэн. Одоогоор 21 илтгэл бэлтгэсэн байна. Мөн 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх илтгэлийг хоёр жил тутамд Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлэхээр заасны дагуу 2014, 2016, 2018, 2020, 2022 онд хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд бие даасан бүлэг болгон боловсруулж, тусгаж иржээ. 


   Гэвч 2000 оны Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хурал ямар түвшинд хэрхэн хэлэлцэх, илтгэлийг хэлэлцээд ямар шийдвэр гаргах талаар тухайлан тусаагүйгээс их төлөв Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол гаргаж байлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 удаагийн илтгэлийг Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороонд хүргүүлэн хэлэлцүүлж, тус Байнгын хорооны “Илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолууд батлагддаг байсан бөгөөд илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх талаар тусгайлсан арга хэмжээ төлөвлөдөггүй, Улсын Их Хуралд эргэн тайлагнадаггүй байв. Харин анх удаа 2019 онд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцэж, түүний дагуу авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2019 оны 62 дугаар тогтоол батлагдсан юм.

   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэчилсэн найруулга 2020 оны нэгдүгээр сард батлагдаж, Комиссын илтгэлийг жил бүрийн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргахаар заасан нь Комиссын илтгэлийн ач холбогдлыг нэмэгдүүлж, санал, зөвлөмжийг заавал биелүүлэх эрх зүйн үндэс болсон байна. Одоогоор “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20, 21 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 67 дугаар тогтоол, 2022 оны 49 дүгээр тогтоол батлагдан гараад байна. Улсын Их Хурлын 2021 оны “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолын 14 заалтын хэрэгжилт 71.4 хувьтай үнэлэгдсэн.

   Комиссын 21 дэх илтгэлийг хэлэлцээд гаргасан Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр тогтоол нийт 17 заалттайгаас "КОВИД-19" цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 2 заалт, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрхийн талаар 3 заалт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар 4 заалт, цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн нөхцөл байдлын талаар 3 заалт, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар 2 заалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар 3 заалттай гарчээ. Тогтоолын хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагууд 2022 оны арван нэгдүгээр сарын 15-ны дотор тайлагнах хугацаатай.

   Комиссын илтгэлээр өгсөн санал зөвлөмжид үндэслэн гаргасан тогтоолын хэрэгжилтийн тайлагналтыг холбогдох байгууллагуудаас шаардаж, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс харилцан уялдаатай ажиллах нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Комиссын бие даасан, хараат бус, үр нөлөөтэй байдлыг баталгаажуулахад чухал хүчин зүйл болох юм.

   Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд Улсын Их Хурлын хүсэлтээр Байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийж оролцож байна. Мөн хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороод дээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд Комиссын гишүүд орж ажиллах зэргээр хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх үүрэг хэрэгжүүлж байна.

   Улсын нэгдсэн төсөв батлах чиг үүргийн хүрээнд Комиссын хараат бус байдлыг санхүү, төсвийн хувь хангахад Улсын Их Хурал чухал үүрэгтэй. 2000 оны Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Комиссын санхүү, төсвийн хараат бус байдлыг хангахын тулд Комисс жил улсын төвлөрсөн төсөвт нэгтгүүлэхээр төсвийн саналаа Улсын Их Хуралд хүргүүлж, шийдвэрлүүлэхээр заасан байв. Гэвч төсвийн тухай хууль тогтоомжийн дагуу дээрх заалт огт хэрэгждэггүй байсан бөгөөд Комиссын төсвийн төслийг Сангийн яам хүлээн авч улсын нэгдсэн төсвийн төсөлд нэгтгэхдээ төсвийг санхүүжилтийг танах бололцоотой байлаа.

   2020 онд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтаар Комиссын дарга жилийн төсвийн төслийг төлөвлөн Улсын Их Хурлын даргад хүргүүлж, төсвийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлдэг болсон. Байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг Комиссын дарга улсын нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр Сангийн яаманд хуульд заасан хугацаанд хүргүүлдэг болжээ. Үүгээр хүний эрхийн үндэсний байгууллагын санхүү, төсвийн хараат бус байдал хангагдаж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын нөлөөллөөс ангид байх нөхцөл бүрдсэн. Хуулийн эдгээр заалтын үндсэнд 2023 оны Комиссын төсөв 4.5 тэрбум төгрөгөөр батлагдаад байна.

   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1 дэх заалт ёсоор Комисс хуралдаанаараа Тамгын газрынхаа орон тоог батлагдсан төсвийн хүрээнд багтаан тогтоож байгаа гэв. Мөн хуулийн шинэчилсэн найруулгаар Комиссын Тамгын газрын хүний нөөц, орон тоотой холбоотой нэг чухал өөрчлөлт орсон нь Комисс Тамгын газар нь орон нутагт Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтантай байхаар заасан юм. Түүнээс өмнө хуульд орон нутагт ажилтантай байх талаар заалт байгаагүй бөгөөд 21 аймаг дахь Комиссын Тамгын газрын ажилтнуудын орон тоо, зардлыг 2013 онд Комиссын 12 дахь илтгэлийг хэлэлцээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос гаргасан 13 дугаар тогтоолд үндэслэн төсөвт тусгаж ирсэн юм. Цаашид Комиссын Тамгын газрын албан хаагчидтай холбогдуулан Парисын зарчимд үндэслэн олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх тодорхой шаардлага байна. Комиссын Тамгын газрын ажилтнууд нь хууль зааснаар төрийн захиргааны албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах журмаар шалгаруулж, томилж байгаа гэлээ. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны Магадлан итгэмжлэх дэд хорооноос Комиссыг давтан магадлан итгэмжлээд 2021 онд өгсөн зөвлөмжид ажилтан сонгон шалгаруулж, томилоход Хүний эрхийн Үндэсний Комисс хараат бусаар шийдвэр гаргадаг байхыг онцолж, өөрийн хууль тогтоомжид тусгуулахыг зөвлөсөн байна.

   Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэг дэвшилт заалт бол Комисс үйл ажиллагаа явуулах байртай байх тухай заалт болохыг Ж.Хунан дарга хэллээ. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооноос хүний эрхийн үндэсний байгууллага төрийн бусад байгууллагатай нэг дор байрлах нь иргэд чөлөөтэй хүрэх бололцоо, хүртээмжид сөргөөр нөлөөлдөг тул тусдаа байртай байхыг удаа дараа дэмжиж, зөвлөмж өгч иржээ. Хуулийн энэхүү заалт хэрэгжихэд санхүү, төсвийн зохистой байдал чухал үүрэгтэй.

   Парисын зарчимд үндэслэн хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг ийнхүү бүх талаар хангахад хууль тогтоох байгууллага чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ тусгайлан хууль баталж, гишүүдийн сонгон шалгаруулалт, томилгооны үйл явц, тусгайлан баталгаажуулсан төсөв, эдийн засгийн баталгаагаар хангаж байгаа нь үндэсний байгууллага бол гүйцэтгэх эрх мэдэл болон төрийн бусад байгууллагаас төдийгүй хууль тогтоогчоос өөрөөс нь хараат бус үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай, хууль тогтоох байгууллагын болон түүний Тамгын газрын харьяа, салбар байгууллага биш байхаар эрх зүйн орчныг бүрдүүлж байна.


   Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй  Улсын Их Хурлын Тамгын газартай Хүний эрхийн Үндэсний Комисс нь харилцан мэдээлэл солилцох, хүний эрхийн сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн байна. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудад 3 удаа хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, тэгш эрхийн зарчим, ялгаварлан гадуурхалтыг хориглох нь зэрэг сэдвээр 2017, 2021, 2022 онд нийт 223 оролцогч бүхий 7.5 цагийн сургалт хийсэн байна.

   Цаашид Комиссын хараат бус байдлыг үргэлжлүүлэн хангах чиглэлд Комиссын тухай хууль тогтоомжид холбогдох өөрчлөлтийг оруулах талаар Комисс, Улсын Их хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах боломжтой байна. Тэр дундаа Комиссын үйл ажиллагааны үр нөлөөтэй байдал, ялангуяа гомдол шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөтэй байдлыг сайжруулах талаар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллах нь чухал байна гэлээ. 

   Хэлэлцүүлэг “Дэлхийн бусад орны парламент, ХЭҮК-ын сайн туршлагын жишээ” сэдэвт илтгэлээр үргэлжилнэ. Мөн хэлэлцүүлэгт оролцож буй бусад орны Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд тус тусын парламентын хүний эрхийн чиглэлээрх сайн туршлагуудаасаа хуваалцана.

   Төгсгөлд нь бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Улсын Их Хурлын гишүүд болон Хүний эрхийн Үндэсний комиссын хамтын ажиллагааны талаар, тулгарч буй бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй санал солилцоод, үргэлжлүүлэн Олон Улсын Парламентын Холбооны зүгээс Улсын Их Хурлын гишүүд болон Хүний эрхийн Үндэсний комиссын хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, өргөжүүлэх зорилго, төлөвлөгөөний талаар санал солилцох юм. “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд" сэдэвт хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл