Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевичийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр (2022.11.18) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевичийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай олон жилийн турш хамтран ажиллаж, парламентын чадавхыг бэхжүүлэх тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь засаглал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдсонд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгт баяр хүргээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, малчдад чиглэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний төрлийг олшруулах, тэдгээрийг зах зээлд нэвтрүүлэх замаар малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна. Монгол ноолуурын тогтвортой хөгжлийг хангах платформоор дамжуулан оролцогч талуудын бүтээгдэхүүний гарал үүсэл, тогтвортой байдлын талаарх ойлголтыг нэгдмэл болгохыг зорьж байна. Ингэснээр монгол ноолуурын үнэ цэн экспортын салбарт өсөх боломжтой төдийгүй Монгол Улсын эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлэх хөтөлбөр болохыг онцолсон юм.


Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзэсгэлэнт байгальтай Монгол Улсад ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ салбарыг хөгжүүлснээр эдийн засгийг дэмжих орлогын нэгэн эх үүсвэр бий болох боломжтой гэв. 

Түүнчлэн 2021 оноос эхлэн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм.


Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг дурдаад цаашид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчин ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх, ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл