Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.12.06) хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна. Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ. Харин Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна. Анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан. Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм. Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар Сангийн сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөртэй холбоотойгоор татвар нэмэх, тэтгэврийн насыг нэмэх, хүүхдийн мөнгийг 60 хувьд олгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан боловч 2018 оны төсөв дэх хэмнэж болохуйц хөрөнгө оруулалтын зардалын талаар ямар нэг шаардлага тавихгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэллээ. Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор тохирсон ч 2017 онд бүх хүүхдэд олгосон, гэтэл 2018 онд 60 хувьд олгохоор төсөвт тусгаад байгаа. Засгийн газар, Сангийн яам хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох чиглэлээр ажиллах шаардлагатай хэмээн хэлж байв.
Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй хүүтэй зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр авч байгааг Сангийн сайд хэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк Сангийн яамтай хамтран ажиллаж, улсын төсвөөс хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын бодлогод зөвлөгөө өгч байгаа аж. Улсын өрийн зээлийн хүү өндөр байгаа нь төсөвт ихээхэн дарамт учруулж байгааг тэрбээр хэллээ. Монгол Улс 2016 онд зээлийн хүүнд 1.3 их наядыг төлсөн, энэ хэмжээг бууруулахаар Засгийн газар, Сангийн яам болон холбогдох байгууллагууд ажиллаж байгаа, эхний үр дүн нь гарсан гэв. Зээлийн хүүгийн дарамт, их өрийн дарамтаас гарахын тулд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай, түүний дотор Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр чухал үүрэгтэй байгааг Ч.Хүрэлбаатар сайд тэмдэглэв. Мөн тэрбээр “2017 оны дөрөвдүгээр сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор тохирсон. Харин Засгийн газар хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг зургаадугаар сард гаргасан. Эл шийдвэрээс нь болж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхой хугацаагаар зогссон ч хоёр тал яриа хэлэлцээр хийж, ойлголцсоноор хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Би сайдаар ажилласан эхний өдрөөсөө хүүхдийн мөнгийг олгох хувийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Сангийн яам тодорхой ажлуудыг хийж, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилт тавин эрчимтэй ажиллаж байна. Үүний тулд бид зөвхөн Олон улсын валютын сан төдийгүй 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгож буй донор байгууллагуудтай ойлголцох шаардлагатай учир нэлээд цаг хугацаа шаардаж байгааг дуулгая. Түүнчлэн зээлийн хүүгийн төлбөрт төсвөөс төлж буй зардал, өндөр хүүтэй зээлүүдийг багасгахаар Сангийн яам тодорхой ажлуудыг хийж, үүнээс хэмнэлт гаргахаар ажиллаж байна” гэлээ. Мөн төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг хийж байгаагаа Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хоригийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.