Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хүний эрхийн Дээд Комиссарын албаны ажилтан Себастьен Гиёог хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог (2022.11.15) өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Себастьен Гиёо Монгол Улсад айлчилж буй зорилгоо танилцууллаа. Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн Дээд Комиссарын албанаас хэрэгжүүлж байсан арга хэмжээг үргэлжлүүлэх, хүний эрхийн тогтвортой хөгжлийн баримт бичгийн хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүргийг өргөжүүлсэнтэй холбогдуулан НҮБ-аас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, хөдөө орон нутаг дахь иргэдийн эрхийг хамгаалах ажлын хэрэгжилттэй танилцаж, санал солилцох төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж ирээдүйг харсан зорилтоо Үндсэн хуульдаа тунхагласан. Энэ эрхэм зорилгод хүрэх хамгийн эхний алхам бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн, зөрчигдсөн бол сэргээн эдлүүлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх хэмээн тэмдэглэв.


Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсан хуулиар хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон бодлогын өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулж томилох асуудлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг болсон. Түүнчлэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгож сонгон шалгаруулалтыг мөн адил нээлттэй явуулахаар хуульчилсан. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг Монгол орон даяар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилсон нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг хэнээс ч хараат бусаар явуулах том нөхцөл болсон гэдгийг онцолсон юм.  

Түүнчлэн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсанаар олон нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчийн эрхийг баталгаатай хангаж чадна гэж бодож байна гэлээ.


Цаашид НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд, УИХ-ын болон Хууль зүйн байнгын хорооны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл