Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт
бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2017.12.05/
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны В танхимд хуралдах байсан боловч ирц хүрээгүйн улмаас ажлын хэсгийн хуралдаан хойшилж дэд ажлын хэсэг хуралдав.
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, Мал эмнэлэг, үржлийн газрын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, МУ-ын гавьяат мал зүйч, доктор, профессор Б.Минжигдорж, Хөдөө аж ахуйн маркетинг төслийн Малын үржлийн мэргэжилтэн Д.Ганбат, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Найданхүү, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Ц.Рэнцэнтогтох нар оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлыг танилцуулснаар хуралдаан эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу дэд ажлын хэсгийн гишүүд төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулсан. Энэ өдрийн хуралдаанаар гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр ярилцаж саналаа нэгтгэв.
Хуралдаан 15.45 цагт дуусав.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА