Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод суманд ажиллав

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2017.12.05) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлынхаа хүрээнд Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа.



Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг, Зуунмод сумын бүх багийн Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар хүрэлцэн ирсэн байлаа.


Уулзалтын эхэнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүдэд аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 70 хувийн бүрдэлттэй, хөдөөгийн төвлөрөл үүссэн нутаг  газруудад отрын штаб байгуулахаар ажиллаж байгаа. Төв суурингийн хувьд нүүрсний нөөц, цахилгаан дулааны бэрхшээлтэй асуудал байхгүй” гэлээ.

Дараа нь Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Аймгийн хэмжээнд хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны зарим заавар, журам батлах тухай”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хамтарсан багийн ажиллах журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын “Хамтарсан багийн ажиллах үйл ажиллагааг санхүүжүүлэх журам”-ын дагуу хуулиудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Төв аймгийн 27 суманд нийт 34 баг ИТХ-ын тогтоол болон сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан” гэлээ.


Мөн хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн газар, Хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан талаар мэдээллээ. Аймгийн хэмжээний хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийллийн тоон баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 72 тохиолдлоос гэр бүлийн хүчирхийлэл 10, бие махбодийн хүчирхийлэл 9, сэтгэл санааны хүчирхийлэл 8, үл хайхрах байдал 10, бэлгийн хүчирхийлэл 6, ахуйн осол гэмтэл 11, зам тээврийн осол 5 бүртгэгдсэн байна. 2016 онд 12 суманд 21 хэрэг бүртгэгдэж байсан бол 2017 онд 23 суманд 72 болж, хүүхдийн эрхийн зөрчлийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа ч шийдвэрлэлт 17 хувиар нэмэгдсэн эерэг дүн гарч байгааг онцлон хэллээ.

Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүлийн нууцлалын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ногоон карт” ажлыг эхлүүлсэн аж. Аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмнэлэгт анхны тусламж авах үеэр эмч ногоон карт барьсан хүүхдийг дараалалгүй, нэмэлт тайлбар шаардахгүйгээр шууд эмнэлгийн анхан шатны үзлэгт оруулах ёстойг Нэгдсэн эмнэлгийн эмч нарт танилцуулсан гэж Д.Бадамцэцэг хэлсэн юм.


Дараа нь Зуунмод сумын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд тохиолдож буй хүчирхийлэл болон бусад гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг танилцуулж, Цагдаагийн газрын дэргэд “Түр хамгаалах байр”-ыг шинээр байгуулсныг мэдээллээ.


Дээрх хоёр танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хэлсэн үгэндээ “Хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг учраас УИХ-ын нэгдсэн чуулганд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн талаарх асуудлыг шууд танилцуулах боломж бүрдэж байгаа нь чухал” гэдгийг тэмдэглэлээ. Мөн “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтэд судалгаа хийсэн. НҮБ-д жил бүр Монгол Улсын хүний эрхийн талаарх илтгэлийг хэлэлцдэг. Энэхүү илтгэлтэй холбогдуулж НҮБ-аас тодорхой зөвлөмжүүдийг ирүүлдэг. Эдгээр зөвлөмжүүдийг бид заавал хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн танилцуулгын үеэр дурдсан хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон мэдээнд тохиолдлын тоо ихэссэн харагдаж байгаа нь иргэд илүү мэдээлэлтэй болж гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцдэг, илрүүлдэг болсон байх магадлалтай гэдгийг тодотголоо.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь аймгийн хэмжээнд ажиллаж байгаа нийт хамтарсан багийн хамт олон болон сайн дураар ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан “Ногоон карт” ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, бусад аймаг, сумдад энэ туршлагыг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа хэлсэн.



Дараа нь хамтарсан ажлын хэсэг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцсанаар ажлаа өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл