Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.11.11/ нэгдсэн хуралдаан 10.01 цагт эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Өнөөдөр Монгол Улсын парламентын түүхийн нэгэн онцгой тэмдэглэлт өдөр хэмээн хуралдааны эхэнд онцлов.
Тэрбээр, Өдгөөгөөс 31 жилийн тэртээ 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган нээлтээ хийж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.
Энэ өдрийн хуралдааныг АИХ-ын дарга Жамбын Гомбожав даргалж, оролцвол зохих 427 депутатаас 420 нь хүрэлцэн ирж, 98.2 хувийн ирцтэйгээр эхэлж байжээ.
Хуралдаанаар зарим депутатуудын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, заримынх нь бүрэн эрхийг дуусгавар болгох, АИХ-ын дарга, орлогч дарга нарыг сонгох, мөн хуралдааны дэгийг тогтоох зэрэг асуудлыг өглөөний 09.00 цагаас оройн 19 цаг 48 минут хүртэл хэлэлцсэн байдаг.
Өдрийн 11 цаг 15 минутад Улсын Бага Хурлаас өргөн барьсан Их цаазын болон Хавсралт хуулийн төслийг УБХ-ын дарга бөгөөд БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч Раднаасүмбэрэлийн Гончигдорж АИХ-ын шинээр сонгогдсон дарга Жамбалдоржийн Уртнасанд өргөн барьсан байна.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийг АИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм. Энэхүү ойн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын архивт байгаа бүрэн эхээр нь өнөөдрөөс ард нийтэд албан ёсоор нээлттэй болгож байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Энэхүү эхийг Улсын Их Хурлын PARLIAMENT.MN цахим хуудасны “Үндсэн хууль” цэсээс орж үзэж болох бөгөөд өнөөдрийн хувьд 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэл 194 хуудас материалтай танилцах боломжтой байгаа. Цаашид тус бүр нь 200 орчим хуудастай 49 боть хуралдааны тэмдэглэлийг үе шаттайгаар цахим хуудаст оруулж, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны буюу Үндсэн хуулийн өдөр гэхэд бүрэн байршуулахаар Тамгын газар ажиллаж байна.
Үндсэн хуулийн уг санаа, үзэл баримтлал ямар байсан, тэр үеийн АИХ-ын депутатууд ардчилсан тогтолцооны үндэс суурь болсон Үндсэн хуулийг бүтээхийн төлөө ямар чин сэтгэл, тууштай зүтгэлийг эрхэмлэж байсныг эндээс харж болно. Өнгөрсөн 30 жилийн туршлага сургамжаа цэгнэх боломж ч бидэнд олдоно.
Үндсэн хууль бүтсэн түүхийг Монголын ард түмэн, иргэн бүр мэдэж байх нь өнөөгийн болон ирээдүй цагт илүү үнэ цэнэтэй гэж бодож байна.
Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулийнхаа үзэл санааг гуйвалтгүй хэрэгжүүлж, эрүүл нийгэм, шударга ёс, хөгжсөн эдийн засагтай хүчирхэг Монголыг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэе хэмээн УИХ-ын дарга ард түмэн, Эрхэм гишүүддээ хандан уриаллаа.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулан хуулийн төслүүдийг болон “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлав.
Монгол Улсын 2023 оны төсвийг батлахдаа тодорхой өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хэлсэн үгэндээ онцлов.
Тэрбээр, УИХ-ын зүгээс төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр нэмж бууруулан, ДНБ-д эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхой хувиар сайжрууллаа.
Тэвчиж болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд 10.000-аас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ арга хэмжээнд 173.600 өрх хамрагдана. Хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр боллоо. Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ. Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг Үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодитой ажил болгох тодорхой санхүүжилтийг шийдвэрлэлээ. Эдгээр арга хэмжээг дээрх хэмнэсэн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.
Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, өмнөх хөрөнгө оруулалтыг 2023 онд багтаан дуусгах бодлогыг хуульчиллаа.
Түүхэнд анх удаа төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, иргэдээс хөндсөн асуудлуудыг шийдвэрлэлээ. Нийт 65 сургууль, цэцэрлэг, 19 эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг зохицуулсан. Сонгинохайрхан дүүргийн 300 иргэний саналаар тус дүүргийн 12 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 80 хүний саналаар дүүргийн 115 дугаар сургууль бүрэн баригдахаар боллоо. Эдгээр сургуулиуд зориулалтын бус байранд гурван ээлжээр сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын тогтоол баталж тодорхой шинэчлэлүүдийг эхлүүллээ. Төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх үе шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах, нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах бүх гэрээг улирал бүр Улсын Их Хуралд танилцуулж байхаар тусгалаа. Нүүрсний хулгайтай тууштай тэмцэх, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс тээвэрлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих түр хороод ажиллаж байгаа бөгөөд асуудлыг ил тод болгох, ард түмэнд мэдээлэх үүргээ УИХ тууштай хэрэгжүүлсээр байх болно гэлээ.
Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтын тухайн жилд санхүүжих дүн нь төсөвт өртгийн 30 хувиас доошгүй, хэрэгжих хугацаа гурван жилээс багагүй байх, төсвийг олон хуваахыг хориглох, төрийг хариуцлагажуулах заалтуудыг тусгасныг дурдаад төсвийн жил эхэлснээс хойш төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бууруулахгүй байх, тухайн жилд тавьсан хувийн хэвшлийн гүйцэтгэх санхүүжилтийг төсвийн жил эхэлснээс хойш бууруулахыг хориглохоор заасан гэдгийг тодотгосон юм.
Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсов
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд асуулгын хариуг танилцуулсан.
Сайд С.Энхболд, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 501.739 хүн хамрагдсан. Үзлэгт хамрагдсан иргэдээс өвчлөлийн 269.143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал хортой, хоргүй хавдрын 1,965 тохиолдлыг илрүүллээ гэлээ.
Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд 2021-2022 онд “Эрүүл чийрэг эр хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал”, “Хавдрын эсрэг”, “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Харшлаас сэргийлэх”, “Орчны эрүүл мэнд”, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.
Монгол Улсын халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа (2009, 2013, 2019 он), Хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх үндэсний 1, 2, 3, 4, 5 дугаар судалгааны үр дүн, нотолгоонд үндэслэн өвчлөлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах, устгах арга хэмжээг төлөвлөлтөд тусгасан хэмээн сайд мэдээлэв.
Халдварын бус өвчний хоёрдогч эрсдэлт хүчин зүйл нь илүүдэл жин, таргалалт байсан гэдгийг тэрбээр тодотгоод, тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь, 6-11 насны хүүхдийн 28,6 хувь нь таргалалттай байгааг 2017 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаа”-аар тогтоосон хэмээлээ.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас “PEN HEARTS” загвар төслийг санаачилсан бөгөөд манай улс 2019 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хэрэгжсэн аймаг, орон нутагт тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо 1.4-2.5 дахин буурч, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 2022 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 дахин, нас баралтын тоо 1.5 дахин буурсан тул 2024 он гэхэд уг төсөлд үлдсэн бүх аймгийг хамруулахаар ажиллаж байгааг сайд дуулгасан.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор “Илүүдэл жингүй эртэч Монгол”, “Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцья”, “Хариад амрая - хамтраад шийдье”, “Цэх байя-цэгцтэй хооллоё” зэрэг аян, кампанит арга хэмжээ зохион байгуулж, иргэд, нийгмийн бусад салбарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж гэдэг нь хүүхдийг төрөнгүүт үзүүлэх тусламж бөгөөд энэ үеийн нас баралт нь нялхсын эндэгдлийн зонхилох хувийг эзэлдэг байна. Эрүүл мэндийн яам нярайн нэн шаардлагатай тусламжийг сайжруулах асуудлаар 21 аймаг, нийслэлийн амаржих газруудын дарга болон эх барихын эмч нарыг оролцуулсан үндэсний зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмж гаргасан байна. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн үндэсний сургагч багш нарыг бэлтгэн тэднийг орон нутагт илгээн бүсчилсэн сургалтууд зохион байгуулжээ. Үүний үр дүнд энэ оны эхний 10 сарын байдлаар нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 8.5-аас 7.6 болж буурсан үзүүлэлт гарчээ.
Төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх зорилгоор шинээр төрсөн нярайд түнх, сонсголын зэрэг шинжилгээг хийж, эмгэг илэрсэн тохиолдолд батлагдсан эмнэлзүйн зааврын дагуу оношилгоо, эмчилгээг хийж байгаа гэв.
Удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгоо, шинжилгээг Анагаах ухааны удам зүйн лаборатори хийж байгаа бөгөөд уг лаборатори төрөхийн өмнөх онош батлах цитогенетик шинжилгээг найман жилийн хугацаанд 1346 үйлчлүүлэгчид хийснээс 214 хромосомын тооны ба бүтцийн өвчнүүдийг оношилжээ.
Сайд С.Энхболд, Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар өвчлөл, нас баралтыг бууруулахад хамааралтай бүх талуудын оролцоог чиглүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах механизм бүрдүүлэх зорилгоор хүүхдийн хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэгч талуудыг оролцуулсан “Хүүхдийн хавдрын зөвлөл” байгуулан ажиллаж байна.
2022 онд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 0-17 насны хүүхдийн хоёр багцыг нэмж оруулсан бөгөөд одоогоор 330 мянга гаруй хүүхэд хамрагдсанаас 96,662 буюу 74.7 хувь нь шүд цоорсон, 3,690 буюу 2.9 хувь нь шүдний гажигтай, 2,147 буюу 1.7 хувь нь хараа муудсан нь оношлогджээ. Мөн хавдрын 68 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд 20 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 48 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон дунд хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, хөгжлийн цогц бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан бодлогыг хэрэгжүүлснээр монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулж, дэлхийн жишигт хүргэх, эрүүл, чанартай амьдрах нөхцлийг бий болгох бүрэн боломж байна.
Гагцхүү энэ зорилтод хүрэхэд агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, амьдрах орчны нөхцөл, осол, гэмтэл, ядуурал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, олон салбарын оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Цаашид:
1. Нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах;
2. Нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн, тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай хөрөнгийг нэмэгдүүлэх;
3. Улсын хэмжээнд Өвчний хяналт сэргийлэлтийн төв, орон нутагт Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийг дэмжих төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хүн амын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;
4. Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдрах зан үйлийг хэвшүүлэх, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд эрүүл мэндийн бус салбар, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын оролцоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх;
5. Монгол Улсын хүн амд эрүүл, зохистой хооллолтыг төлөвшүүлэх, шим тэжээлийн боловсролын асуудлыг сургуулийн үдийн хоолоор дамжуулан хэрэгжүүлэх;
6. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнд ногдуулах татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар хортой хэрэглээг бууруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна гэлээ.
Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд төгсгөлд нь асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үг хэлсэн.
Тэрбээр, Сүүлийн 20 жилд хавдраас шалтгаалсан нас баралт тасралтгүй өссөөр өнөөдөр бид дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Жил бүр бараг 5000 шахам хүнийг хавдрын улмаас алдаж байна. 2021 онд 4251 хүнээ алджээ. Энэ нь бүтэн 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо. Энэ санаа зовох асуудал биш гэж үү. Халдварт бус өвчлөлийг үүсгээд байгаа хамгийн том хүчин зүйл нь таргалалт гэдгийг сая тайлан дээр дурдаж байна. Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл болоод байна. Монгол Улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын 55 хувь нь илүүдэл жинтэй, эдгээрийн 19 хувь нь таргалалт гэдэг өвчний оноштой байхад бид яаж хүн амынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлэх юм бэ. Өнөөдөр айл болгонд шахам нэг хавдартай хүн байх магадлал өндөр болоод байна. Өвчнийг хожуу үед нь өртөг өндөртэй оношилж эмчлээд, үүнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгаа нь салбарын бодлого урвуу тогтолцоотой явж буйг харуулсан хэрэг. Манай эрүүл мэндийн тогтолцоо нь урьдчилан сэргийлэх биш, өвдсөн хойно нь эмчилдэг болчихоод байна. Үүнд улс хамаг төсвөө зарцуулж, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид хүчээ барж байна. Хэрвээ бид нийгмийн эрүүл мэндээ сайжруулах чиглэлээр шинэчлэл хийж чадвал эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын ачаалал буурч, тэд арай дээр нөхцөлд ажиллах боломж бүрдэнэ.
Амьдралын хэв маягаа өөрчилж, зохистой хооллож, биеийн жингээ тогтмол хэмжээнд байлгах нь зүрх судасны өвчлөл, нас баралтын 80, чихрийн шижинг 90 хувь хүртэл бууруулах боломжтойг эрдэмтэд тогтоосон. Мөн зохистой хооллоод биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэвэл хорт хавдрын тохиолдлыг 30 хувиар бууруулж болно гэдгийг тогтоосон. Бид өвчилсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө хамгаалж чаддаг эрүүл мэндийн тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай. Энд салбарын үр дүнтэй менежмент дутагдаад байгааг анхаарч ажиллахыг хүсье гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.