Монгол Улсын Их Хурал, Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь парламентын бүлгийн гишүүд өчигдөр (2022.11.09) цахим уулзалт хийж, энэ үеэр Мексикийн Нэгдсэн Улсын Конгресст Мексик-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулсныг албан ёсоор зарлах ёслолын ажиллагаа боллоо.
Цахим уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Мексикийн талаас Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Морено, тус бүлгийн гишүүн П.Р.Фернандез, Х.А.Зуньига, М.Г.В.Давила, Х.Х.Зетина, С.К.Кабрера нар оролцсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд хэлсэн үгэндээ, Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улстай тогтоосон дипломат харилцаа идэвхжин хөгжиж, боловсрол,соёл, урлаг, биеийн тамир, спорт, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарт тодорхой ахиц дэвшил гарч ирсэн. Хоёр улсын парламент 2004 оноос парламент дахь найрамдлын бүлгийг харилцан байгуулж эхэлснийг тэмдэглээд, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Морено Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлж, хууль тогтоох чиглэлээр харилцан туршлага, мэдээлэл солилцох, улмаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Энэ онд Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож буйг Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр хэлсэн үгэндээ дурдаад цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргах ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс парламентын дарга, гишүүдийн харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, хоёр талын холбогдох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л хэлбэрээр дэмжин ажиллана гэлээ.
Мексикийн Нэгдсэн Улсын Конгресст Мексик-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулсныг албан ёсоор зарлах ёслолын ажиллагааны үеэр тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Мексик-Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдсаныг нотлох баримтад бүлгийн дарга, гишүүд гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.