Улсын Их
Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.05) хуралдаан 15 цаг
34 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн 10 дугаар сарын 27, 31-ний өдрийн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ. Тэрбээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган найруулга, үг хэллэгийн зарим засвар оруулсан. Мөн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахаар бэлтгэснийг танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим заалтыг өөрчлөх, мөн төслийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг “Төрийн албан хаагч хуульд заасны дагуу дүрэмт хувцас хэрэглэж болно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэсэн заалтын дагуу хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 16 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 11 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэсэн агуулгатай 11.2 дахь хэсгийг шинээр нэмэх, төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагын хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэнээс тус тус авна” гэж өөрчлөн найруулахаар болов.
Мөн төслийн 55 дугаар зүйлд “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэсэн агуулгатай 55.3 дахь хэсгийг нэмэх, төслийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.
Түүнчлэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Ганбаатар нараас бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар хуулийн төслийн эцсийн найруулгыг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 20 гаруй хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.