Цэс

Холбоо барих

НББХ: Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.08) хуралдаан 14 цаг 12 минутад 56.2 хувийн ирцтэй эхэлж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2021 оны 05, 06 дугаар тогтоолын хүрээнд эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.


    Тус байнгын хороо 2021 оны 05, 06 дугаар тогтоолоороо Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг Засгийн газарт өгсөн юм.


    Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 05, 06 дугаар тогтоолын биелэлтийн талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулан төслийг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу боловсруулж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор баталсан 562 оношийн хамааралтай бүлгийг шинээр өдрийн мэс заслын бүлгүүдийг оролцуулан 705 оношийн хамааралтай бүлэг болж нэмсэн. Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг (Харвалт шигдээс, төрөлхийн гаж хөгжил, хавдар, түлэгдэл, халдварт өвчин, төрөх, нярай, сэтгэц, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, түргэн тусламж) хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцаж байна.

    Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг хүн амын статистик мэдээлэлд үндэслэн тооцон олгох хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж, мөн 2022 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлсэн бөгөөд 2022 оноос шимтгэлийн орлого нь 79.8 тэрбум төгрөг буюу 95.1 хувиар нэмэгдэн 163.7 тэрбум төгрөг болон Эрүүл мэндийн яамаар дамжин орлого төвлөрч байна. Эрүүл мэндийн даатгалын санд аливаа эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор 2022 онд эрсдэлийн санг 40.0 тэрбум төгрөг байхаар баталж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 10 дугаар тогтоолоор байгуулсан.

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам  шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тогтоол, Мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2022 оны 05 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр “Журам батлах тухай” тушаал, мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоол, “Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалт, эм олгох үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/407 дугаар тушаалыг батлан хэрэгжүүлж байна.

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын 2017 оны 344 тоот тогтоолоор 55 орон тоотойгоор байгуулагдаж, Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг хуулиар агентлаг нь нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжин, хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй байлгах, тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн гүйцэтгэлийг үнэлэх зэрэг хууль, эрх зүйн өргөн хүрээтэй ажиллах орчин бүрдүүлж өгсөн. Энэ өөрчлөлтийн хүрээнд 2020 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 176 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 170 байхаар шинэчлэн тогтоосон.

    Тусламж, үйлчилгээний багцын улсын төсвийн санхүүжилтийг захиран зарцуулах, шийдвэр гаргах эрх Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд шилжсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал, шийдвэр гаргах, төлөөллийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгох, Өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгож, санхүүжилтийг оновчтой хэлбэрээр шийдвэрлэх, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд тавих хяналт, хариуцлага, эмнэлгийн захирлыг томилох харилцааг зохицуулахтай холбогдуулан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулж, хуулийн төсөлд яамдуудаас санал авч нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч Засгийн газрын хэрэг эрхлэх газарт  хүргүүлсэн. 

    Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дахин нэмэгдүүлэх шийдвэр гарч 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 307.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор батлуулсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолоор баталсан.

    2022 онд Эрүүл мэндийн сайд аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөл байгуулах үйл ажиллагаанд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах заалтыг тусгасан. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс гадна Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд төлөөлөн удирдах зөвлөл шинээр байгуулагдан ажиллаж эхэлсэн байна.

    Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих суурь тарифыг 7 хувиар нэмэгдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний 107 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын ажиллагсад (ТҮЭМ, ТҮ)-ийн үндсэн цалингийн доод хэмжээг Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын цалингийн сүлжээний 5 дугаар шатлалаар шинэчлэн баталсан. Үндсэн цалингийн доод хэмжээ тухайн ажилтны хуучин шатлалаас хамаарч 0-12.6 хувиар нэмэгдсэн (дундаж өсөлт 8.1 хувь) гэлээ.


    Мөн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 онд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г нийслэлийн 106, орон нутгийн 91, нийт 197 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай тусламж, үйлчилгээний 16 нэр, төрлөөр байгуулан ажилласан бол 2022 онд нийслэлийн 124, орон нутгийн 109, нийт 233 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай тусламж, үйлчилгээний 11 нэр, төрлөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 2021 онд нийт 314,768 хүний 127.7 тэрбум төгрөгийн зардлыг олгосон байна.     Эрүүл мэндийн даатгалын сангаас Нийслэл дэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 2022 оны 01-08 сард 333,756 хүнд 85,7 тэрбум төгрөг, орон нутаг дахь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 2022 оны 01-08 сард 56,182 хүнд 30,2 тэрбум төгрөг буюу нийт 389.9 /мян, хүн/-д 116.0 тэрбум төгрөг олгосон байна гээд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн талаар мэдээлэл өгсөн. Анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ашиглагдаж байгаа E-Health, E-Hospital болон хувийн хэвшлийн нийт 700 гаруй байгууллагуудад ашиглагдаж байгаа бусад системүүд хооронд олон улсын Эрүүл мэндийн өгөгдлийн HL-7 FHIR стандартын  дагуу холбогдох боломжтой болсон бөгөөд Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ /HIEP/-д мэдээллийг дамжуулж буй юм байна.  


    Эрүүл мэндийн сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулж  Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Д.Батлут, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Ц.Туваан, С.Чинзориг, Б.Бейсен, С.Ганбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарын салбарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.  


    Асуулт, хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, С.Ганбаатар, Ц.Туваан, Б.Бейсен нар  үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг нэлээн сайн боловсронгуй болгосон. Гэтэл хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахгүй байна гээд эмнэлгүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтийг цаг тухайд нь олгож байгаа гэж худлаа мэдээлэл өгөхөө болих талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар эрүүл мэндийн үйлчилгээнд ард иргэд сэтгэл ханамжтай биш байна. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн даатгуулагчид өөрт хэрэгтэй тусламж, үйлчилгээгээ ч авч чадахгүй байна. Даатгуулагчдын гомдол, саналыг сонсдог тогтолцоо шаардлагатай байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан шат шатандаа мэдээллийн зөрүүтэй байдалтай тулгарч буй учир анхан шатны эмнэлэг болон Эрүүл мэндийн яам, хууль тогтоох байгууллага гээд бүх талуудыг оролцуулсан хамтарсан уулзалт хийж, мэдээллээ нэгтгэх талаар санал хэлэв. Ц.Туваан гишүүний энэхүү саналыг Байнгын хорооны дарга П.Анужин хүлээн авч буйгаа тэмдэглээд энэ арваннэгдүгээр сардаа багтаж гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн талаар бүх талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийх чиглэл өгснөөр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл