Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад “Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-г өнөөдөр (2022.11.02) танилцууллаа.
Дүн шинжилгээг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастанья танилцуулж, 2022 оны олон нийтийн санал бодлын судалгааны онцлох үр дүнгийн талаар мэдээлэл хуваалцав.
Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны гар утас ашигладаг нийт 2500 гаруй иргэнээс олон шатат санамсаргүй түүврийн аргыг ашиглаж судалгааг явуулсан байна.
Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд, сонгуулийн тогтолцоо, улс төрийн нам, Засгийн газар болон институцүүд, тэгш хамралт ба иргэний оролцооны талаарх иргэдийн санал бодлыг шинжилснээс гадна үнэт зүйлс, үзэл баримтлал ба эрх чөлөө, авлига, мэдээллийн эх сурвалж, хүн ам зүйн мэдээлэл гэсэн чиглэлүүдээр судалгаа хийжээ.
Мэдээлэл асуулт, хариултаар үргэлжилж, нийт 50 гаруй алба хаагчид цахимаар оролцсон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.