Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 40 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд тус зарлигуудаар Дашдэлэгийн Ганзоригийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан  Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ. Мөн Цэвээндоржийн Алтанцэцэгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн  албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бол Мянгаагийн Баясгаланг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

Мөн тус дугаарт Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам”, “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам, “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-ыг тус тус баталсныг нийтэлсэн байна.

Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журмын зорилго нь мэдээлэл хариуцагч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн холбогдох хэсэгт заасны дагуу нээлттэй, хаалттай болон хязгаарлалттай мэдээллээс нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах бол Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журмын зорилго нь төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем (цаашид “систем” гэх)-ийг хөгжүүлэх, байнгын, хэвийн үйл ажиллагааг хангах, нээлттэй өгөгдөл нийтлэх, удирдах, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино. Харин “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагч мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл