Өнөөдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөр тохиож байна.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 40 минутад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болж, энэ удаагийн шагналыг академич С.Нарангэрэл хүртэв. Нэрэмжит шагналыг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулж баяр хүргэлээ. Мөн Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлалцсан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн алдар цол, одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга гардуулсан юм.
Төр, засгийн тэргүүн нар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд мөн өдрийн 12 цаг 30 минутад жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн уламжлал ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов.
Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэрхэн хэлэлцүүлж баталсан талаарх зарим түүхэн баримт материалыг Та бүхэнд толилуулж байна.