Цэс

Холбоо барих

“Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийн “Тогтвортой эдийн засаг” салбар хэлэлцүүлэг боллоо


“Төсөв 2023 олон нийтийн хэлэлцүүлгийн “Тогтвортой эдийн засаг” салбар хэлэлцүүлэг өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордны “Их Монгол” танхимд үргэлжиллээ.


Хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг даргалан явуулав.

Ирэх оны төсвийн талаарх иргэдийн санал бодлыг D-parliament цахим систем, цахим хаяг, утсаар 10 дугаар сарын 7-ноос 10 хоногийн хугацаанд авсан бөгөөд энэ хугацаанд D-parliament цахим системд гэхэд 68.641 хүн зочилж, 15.293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан гэдгийг хуралдаан даргалагч мэдээлэв. Нийтдээ иргэдээс 798 санал иржээ. Ирсэн саналыг салбараар нь ангилж үзвэл 190 нь буюу 23.8 хувь нь эдийн засаг, санхүүгийн салбартай холбоотой байсан гэдгийг тэрбээр онцлоод, 41 хүн буюу 5.1 хувь нь барилга, хот байгуулалтын асуудлаар санал өгсөн гэдгийг тэмдэглэлээ.


Төрлөөр нь авч үзвэл бодлогын арга хэмжээтэй холбоотой 51, орлого нэмэгдүүлэхтэй холбоотой 2, хөрөнгийн зардлын талаар 255, урсгал зардлын талаар 18, бусад асуудлаар 52, нийт 380 санал ирсэн гэсэн мэдээллийг өгсөн.

Энэхүү мэдээллийн дараа Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хүргүүлэх саналаа танилцуулсан юм.  Тэрбээр 2023 оны төсвийн төсөлд ирүүлсэн саналаа Төсвийн хүрээний мэдэгдэлд хамаарах, төсвийн бодлого, төсвийн орлого, зарлага, төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын өр гэсэн бүлэгт хамаарах хэмээн тус бүрээр нь ангилжээ. Тухайлбал, Төсвийн бодлогод хамаарах саналдаа, Шинэ сэргэлтийн бодлогын нөлөөлөх хугацааны хожимдол байхыг анхаарах, АМНАТ тооцож буй үнийн ялгаатай байдлыг арилгах, өрийн удирдлагын оновчтой стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын гадаад өрийг үе шаттайгаар бууруулах дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, ирэх гурван жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ өсөх төсөөлөлтэй байгааг анхаарах зэрэг асуудлыг тусгасан гэлээ.


Мөн цалингийн сангийн өсөлт, хүүхдийн мөнгийг бууруулахгүй байдал нь өрхийн хэрэглээгээр дамжин инфляцыг өсгөх нөлөөтэйг анхаарах, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулах, бэлнээр ашиглахыг хязгаарлаж, хуримтлалд төвлөрүүлэх, газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг “0” хүртэл хувиар бууруулсан байгааг зогсоож, татвар авах саналыг дэвшүүлсэнээ танилцуулсан.

Мөн хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Тогтвортой эдийн засаг” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэлдээ ДНБ-ий өсөлтийн бүтэц, эмзэг экспорттой, импортын хэрэглээ өндөр байгаа үед тулгамдаж буй асуудал, валютын албан нөөцийн бууралт, бодит хэрэгцээнээс давсан мөнгөний нийлүүлэлт, өрхийн орлогын бүтэц болон бусад тулгамдаж буй асуудлын талаар хөндсөн.


Ирэх жилийн төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан хэмээгээд төслийг боловсруулахдаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн байх, эдийн засгийн суурийг тэлж, орлого нэмэгдүүлэх том төслүүдийг хэрэгжүүлэх, “Ковид-19 цар тахлын сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, одоо байгаа нөөц, боломжтой уялдуулж, 2023 онд шинээр эхлэх төсөл арга хэмжээг төлөвлөхгүй байх, хуульд заасан шаардлагыг баримталж, бэлэн байдал хангагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зарчмыг баримталсан гэлээ.

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан, улсын төсөв, гадаад зээл тусламжаар санхүүжих нийт 155 арга хэмжээний 139 нь төсөвт тусгагдсан гээд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн салбар хуралдаанд оролцогчид саналаа илэрхийлсэн.

Ажил олгогчдын нэгдсэн холбооны төлөөлөл иргэн Д.Бадарч Хувийн хэвшлийн нөөц бололцоог бүрэн ашиглах хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэнээр томоохон нөөц гарч ирнэ гэж үзэж байна. Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа бол мэргэжлийн боловсролын асуудал онцгой анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол “Мандах” их сургуулийн багш Б.Дансранбавуу, өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 4.4 хувиар өсч ирсэн. Гэтэл энэ өсөлт ард иргэдийн амьдралд нөлөөлсөнгүй. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьдаг болсонтой холбоотой. Мөн технологийн дэвшлийг авчрах хөрөнгө оруулалт хийсэнгүй. Одоо бид төсвийн орлогын төсөөллийг хэт өөдрөгөөр тооцдогоо больж, валютын ханшийг бодитоор тооцон, технологийн дэвшил рүү чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийсэн.


Эцэст нь хэлэлцүүлэг даргалагч Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдээс ирүүлсэн нийт саналаас эдийн засгийн бодлогын асуудлаар олон давтамжтай ирүүлсэн саналыг түүвэрлэснийг танилцуулав. Саналыг эрэмбэлвэл:

Санал

Саналын тоо

Хувь

1

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн зардлын төлөвлөлт хэт өндөр байна. Төсвийн зардлыг танах, төсвийн алдагдалгүй батлах шаардлагатай.

76

9.5%

2

Хавтгайрсан халамжийг зогсоох шаардлагатай байна. Энэ нь ажиллах хүчний оролцоог бууруулж, компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. 

27

3.4%

3

Төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэдэг компаниудын төсөвлөлт бодит бус байгаа тул ахин магадлал хийх шаардлагатай байна. Барилгын материалын үнийн өсөлтийг зөвхөн тооцож байгаа нь буруу бөгөөд ажилчдын цалин, хөлс, тээврийн зардлын өсөлтийг тооцох шаардлагатай.

24

3.0%

4

Төсвийн зарцуулалт зарим аймагт өндөр төлөвлөж байна.  Хүн амын тоонд харьцуулсны үндсэн дээр төсвийн төлөвлөлтийг хийх хэрэгтэй.

3

0.4%

5

Төсвийн зардлын төлөвлөлтөд хөшөө, хаалга барихыг тусгадаг байдлыг зогсоох. Төсвийн зардлыг танаж, төрийн албанд цомхотгол хийж, ажил үүргийн хувьд давхардсан дэд сайд, дэд дарга нарыг ажиллуулахгүй байх, хавтгайрсан халамжаа зогсоох, ажлын байр бий болгох. Ажил хийж амьдардаг биш халамж авч амьдардаг хүмүүс их боллоо. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах.

3

0.4%

Ийнхүү эдийн засгийн бодлогын асуудлаар ирүүлсэн тодорхой саналуудыг салбар хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнээд дараах санал, зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.

1. Төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, Улсын Их Хурлаас 2023 оны төсвийг батлахдаа алдагдлыг боломжит хэмжээгээр бууруулах.

2. Төсвийн тэлэлтийг багасгаж, үүнийг 2023 оны мөнгөний бодлогоор дэмжиж, инфляцыг бууруулахад анхаарах.

3. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарах гэсэн үндсэн санал, зөвлөмжөөс гадна иргэдээс ирүүлсэн давтамж өндөртэй, тэргүүлэх ач холбогдолтой доорх саналуудыг хамтатган нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр болсноор салбар хуралдаан өндөрлөлөө. Үүнд:

1.    Эдийн засгийн өөдрөг төсөөллөө бууруулъя. Нүүрсний экспортыг 36.5 сая тонн-д хүргэнэ гэж төлөвлөсөн нь хэр бодитой вэ?

 

2.    Өр их байгаа үед төсвөө танах. Гадаад зээлийн бодлогоо эргэж хармаар байна.

 

3.    Эдийн засагт үзүүлэх гадаад орчны нөлөөллийн өөрчлөлтийн нөлөөллийг сайтар тооцох.

 

4.    Ажилгүйдэл, инфляц, валютын ханш зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтээ тогтворжуулах.

 

5.    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлэх гэсэн саналууд багтаж буй юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл