Цэс

Холбоо барих

“Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийн “Төсвийн ил тод байдал” сэдэвт салбар хэлэлцүүлэг болов


   Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос санаачлан Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороотой хамтран “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.10.19) Төрийн ордонд зохион байгуулж байна.

   Улсын төсвийн төслийг анх удаа эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчид, олон нийтийн байгууллагын төлөөлөл, иргэдтэй хамтран хэлэлцэж буй энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна.


   “Төсвийн ил тод байдал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргаллаа. Тус салбар хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд, их дээд сургууль, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, судлаачид, иргэд танхимаар болон цахимаар оролцлоо. Салбар хэлэлцүүлгийн эхэнд Г.Тэмүүлэн гишүүн дэгийг танилцуулж, иргэд олон нийтийн саналыг хүлээн авах боломжийг ханган ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

   Салбар хэлэлцүүлгийн эхэнд “Төсвийн ил тод байдал” сэдэвт илтгэлийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулав. Төсвийн үндсэн зарчмуудын нэг ил тод байдлын зарчмыг, түүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. Энэ зарчмыг шат шатандаа, төсвийн ерөнхийлөн захирагч нар хангаж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээдэг гэдгийг танилцуулсан. Сангийн яамны зүгээс сүүлийн жилүүдэд төсөв, санхүүгийн бодлогыг ил тод, үр ашигтай байх зорилгоор олон ажил хийж, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэв. Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас 2 жил тутамдаа дэлхийн зуу гаруй улсын төсвийн ил тод байдлын үнэлгээг хийдэг байна. 0-100 оноогоор дүгнэдэг эл үнэлгээний дундаж нь 45 оноо байдаг бол Монгол Улс 2017 онд 46 оноо, 2019 онд 56 оноо авч байсан бол 2021 онд 60 оноо авсан байна. Төсвийн хяналтын үзүүлэлтээрээ 76, олон нийтийн оролцоог хангасан тал дээр 13 оноо авсан бөгөөд цаашид төсвийн хэлэлцүүлэг, хяналтын чиглэлээрх олон нийтийн оролцоог хангах чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлага үүссэн гэдгийг Дэд сайд илтгэлдээ дурдсан.


   Төсвийн төсөл нь урт хугацаанд, бүтэн жилийн туршид боловсруулж, батлах, гүйцэтгэх, тайлагнах зэрэг олон үе шаттай өрнөдөг бөгөөд үе шат бүр дээр ил тод, нээлттэй байдлыг хангахаар ажилладаг гэлээ. Сангийн яамны зүгээс төсвийн мэдээллийн ил тод байх зохицуулалтуудыг, ялангуяа сүүлийн үед одоо цахим орчинд иргэдэд, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, мэдээллийг түгээн ажиллаж байгаа гэв.  


   Дээрх сайтуудаар төсвийн ил тод байдыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, онцлог тус бүрийг Дэд сайд С.Мөнгөнчимэг дэлгэрэнгүй танилцууллаа. iltod.mof.gov.mn сайтаас төсвийн эрх зүйн орчин, түүний өөрчлөлт, төсвийн мэдээллийн сан, төсвийн орлого, иргэдийн төсөв, зарлагын мэдээлэл, орлогын мэдээлэл гэх зэргийг авч болох аж. parliament.mn сайт нь Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, тодотгол, гүйцэтгэл гэх зэрэг төсөвтэй холбоотой Улсын Их Хурлаар хэлэлцэн, баталж буй шийдвэр бүхнийг нээлттэйгээр олон нийтийн хүртээл болгодог гэв. Орон нутгийн санхүүжилтийн талаарх мэдээ, мэдээлэл, баримтыг ил тод, нээлттэй болгодог, мөн ирэх оны төсвийн төсөл дээр иргэдээс санал авдаг publicinvestment.gov.mn сайтыг танилцууллаа. Үргэлжлүүлэн тэрбээр shilendans.mn, tender.gov.mn, audit.mn сайтууд, тэдгээрийн агуулга, төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр эдгээр нь цахим орчимд ямар боломжуудыг нээж байгаа, иргэд санал, хүсэлтээ хэрхэн гаргах, хяналт хэрхэн тавих боломжтой талаар нэгбүрчлэн дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

   Түүнчлэн төсвийн талаарх мэдлэг, мэдээллийг олгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээ, хөтөлбөрийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл өгсөн юм.


   Ингээд салбар хэлэлцүүлэгт оролцогчид төсвийн төсөлтэй холбоотой саналуудаа танилцууллаа. “Нээлттэй нийгэм форум” ТББ-ыг төлөөлж, хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам дараах саналыг танилцуулав. Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр  орлогын тооцооллоо тухайн жилээсээ гадна ирэх 2 жилийнхээ орлогын тооцооллыг татварын татварын бус гэх зэргээр дэлгэрэнгүй ангиллаар оруулах, макро эдийн засгийн төсөөллүүдээ тодорхой, холбогдох тооцоололтой нь тусгах,  өрийн бүтцийг дэлгэрэнгүй нийтлэх шаардлага бий гэдгийг хэлсэн.

 

   Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн эцэг, эхийн төлөөлөл Ж.Минжинхүү санал хэллээ. Тэрбээр улсын төсвийн төслийг ийнхүү анх удаа иргэд, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, оролцоог хангаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд нийслэлийн 12 дугаар дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг ирэх оны төсвийн төсөлд тусгуулах саналаа хэлэв. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даарга Ч.Нарантуяа төсвийн төсөлд иргэдээс санал авах хугацааг сунгах,  эрүүл мэндийн салбарын төсвийн төслийн ил тод байдлыг хангахтай холбоотой саналыг хэллээ. Мөн инфляцын өсөлт, эдийн засгийн нөхцөл байдалтай нийцүүлэн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой саналаа гаргаж байв. Салбар хэлэлцүүлэгт оролцогч, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 2500 гаруй иргэдийн төлөөлөл, иргэн Д.Туяа ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны нөхцөл байдлынхаа талаар мэдээлэл өгч, дэд бүтцийн шинэчлэл сайжруулалтын зардлыг төсвийн төсөлд тусгуулах саналаа танилцуулсан. “Шилэн данс” ТББ-ын төлөөлөл Б.Цогтгэрэл төрийн байгууллагатай санхүүгийн харилцаанд орж, их хэмжээний өртөгтэй ажил үйлчилгээ үзүүлдэг ашгийн бус төрийн бус байгууллагуудаас татвар авах, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын төлөөлөл н.Цэрэнпүрэв хүүхдийн мөнгө олгохтой холбоотой санал танилцуулсан.


   “Монголын бизнесийн зөвлөл” ТББ-ын төлөөлөл Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа хүргүүлсэн гэдгээ дурдаад төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн хөгжлийн бодлоготойгоо уялдуулах шаардлагын талаар хэллээ. Үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай холбоотой мэдээллийг танилцуулсан бол төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгуудын санхүүжилттэй холбогдолтой саналыг “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ыг төлөөлөн тэргүүн Ч.Наранбаатар нарын хэд хэдэн оролцогч гаргаж байв.


   Аж ахуйн нэгжүүд цахилгааны үнэ нэмэхийг эрс эргүүцэж байгаа талаар, бүх шатны одоо төсвийн захирагч нарын дэргэд төсөвт нь хяналт тавих зөвлөл байгуулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэхдээ татварыг нэмэгдүүлэхгүй байх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх,  мөнгөний бодлого-төсвийн бодлогын уялдааг хангасан эсэх мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр сонсдог болох зэрэг саналуудыг хэлж байв.

   Ийнхүү “Төсвийн ил тод байдал" салбар хэлэлцүүлэг өндөрлөв. “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлэг нэгдсэн хэлэлцүүлгээр үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл