Цэс

Холбоо барих

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн хүндэтгэл, бахархлын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 26 жилийн тэртээ, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ.

Улмаар мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 9-ний морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдсөн түүхтэй.

Энэхүү шинэ Үндсэн хууль бол монгол түмний түүхийн бас нэгэн шинэ эриний эхлэл, иргэний эрх, нийгмийн дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн түүхэн сонголт байсан юм. Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх төрийн үйл хэрэгт монголчууд чин сэтгэл, бат эрмэлзэл, гүн хүндэтгэлийг эрхэм болгож, хотол олноороо оролцсон. Чухам тийм ч учраас шинэ Үндсэн хуулиа бид монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал хэмээн үнэлдэг билээ.

Шинэ Үндсэн хуулиараа Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. 

Монгол Улсад өнгөрсөн 26 жилд гарсан нийгэм, улс төрийн өөрчлөлт, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ард түмний амьдралын чанарын дэвшил, олон улсын тавцан дахь манай улсын нэр хүнд, байр суурь нь шинэ Үндсэн хуулийн үзэл санаа зөв чиг баримжаатай байсны баталгаа юм. 

Энэ утгаараа шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргашгүй их билээ. Ирээдүйн шинэ Монголын зорих зүг, замнах замыг тодорхойлсон Үндсэн хуулийг эрдэм ухаан, сэтгэл зориг, мэдлэг туршлагаа шингээн батлалцсан Үндсэн хууль тогтоогчдын гавьяаг ч бид ямагт үнэлэн хүндэтгэх учиртай.

Улсын Их Хурал “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сард баталсан. Хуулийн дагуу Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон Тогтоолыг энэ 7 хоногт баталлаа.

Туулж өнгөрүүлсэн туршлагаа цэгнэх, олсноо бататгах, алдаанаасаа сургамж авах нь нэг иргэнээсээ эхлээд нийт улс орны хэмжээнд зайлшгүй чухал, заавал сахих мөрдлөг юм.

Чухам тийм ч учраас өнгөрсөн 26 жилийн түүх, үүссэн нөхцөл, түүний шалтгаан, үр дагавар, ирээдүйн зорилготойгоо уялдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачилга сүүлийн жилүүдэд нэг биш удаа гарч байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг судлан шинжилж, эрдэмтэн мэргэдээсээ асууж, ард түмнээрээ хэлэлцүүлэх ажлыг хийж байгаа. Нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол мэргэн ухаанаар, ард түмнийнхээ санаа бодолд тулгуурлан шийднэ.

Улс орон, ард иргэдийнхээ маргаашийн хувь заяатай хамаатай асуудлыг улс төрийн хийгээд ойр зуурын эрх ашгийн үүднээс биш, нийт үндэстний эрмэлзэл, нэгдмэл ойлголцлын түвшинд шийдэх ёстой гэсэн зарчмыг бид ягштал баримтлах болно гэдгээ илэрхийлье.

Эрхэм ард иргэд ээ,

 “Эцэг” хуулиа судлан мэдэх, ёсчлон дагах нь монголчууд бидний хүндэт үүрэг байх ёстой.

Үндсэн хуулиа иргэн бүхэн сүслэн дээдэлж, өргөө гэрийнхээ хойморт, зүрх сэтгэлийнхээ чинадад нандигнаж байх ёстой гэж би боддог. Ингэж гэмээнэ иргэн нь Үндсэн хуулиараа хамгаалуулж чадна, эрх зүйт нийгэм, төрийн тогтолцоо, ардчилал, шударга ёс баталгаажих нэгэн үндэс бүрдэнэ.

Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баяр. Өвөг дээдсээс өвлөсөн түүх, соёлын өвөрмөц байдлаа бид хадгалан буйн бахархал. Дэлхийн улс орнуудтай хөл нийлэн, мөр зэрэгцэн алхаж яваагийн омогшил. Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь мөн болохын баталгаа юм.

Тиймээс бахархах түүх, омогших нэр төр, бүтээх эрмэлзэл, тэмүүлэх ирээдүйтэй монгол хүн Танд түвшин жаргалыг ерөөе.

Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн ард түмний минь оюун билиг тунгалаг, эрч хүч дүүрэн, золбоо хийморь төгөлдөр байх болтугай.

Монгол төрийн сүлд ямагт бадран мандаг ээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                             МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2017 оны 01-р сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл