Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 39 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг  нийтэлсэн бөгөөд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.

Тус хуульд хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг согтууруулах ундаа гэж томьёолж, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх болон түүгээр үйлчлэхийг согтууруулах ундааны эргэлт гэж тодорхойлон, дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:-Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох ингэхдээ хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох;

-Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар тус тус олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох;

-Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байх, мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байх;  

-Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортлосон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

-Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлэгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх;

-Согтууруулах ундааны зохистой хэрэглээ болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх;

-Дэлхий нийтийн жишиг, хүний биеийн онцлог, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл болон бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 21 байхаар хуульчилжээ.

Түүнчлэн бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа болон бүх төрлийн коньяк, виски, ром, джинд онцгой албан татвар ногдуулах хэмжээг Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуульд тодорхой заажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

           

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл