Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг төрийн дээд цол, одонгоор шагнасныг Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой тохиож буй энэ өдөр (2018.01.13) Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд гардуулав.
Гавьяат эдийн засагч цолоор Аюушийн Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Доржхүүгийн Лонжидсүрэн, Раднаажавын Чойжинням, Ламжавын Батчулуун нарыг шагнасан байна.
Төрийн дээд цол, одон гардуулсныхаа дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол төрийн тэргүүний зарлигаар төрийн дээд цол, одонгоор шагнуулсан, Үндсэн хууль тогтооход гар бие оролцож явсан эрхэм хүндтэй хүмүүс та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын ажилд, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулиа тогтоосон баярын өдөр болж байна.
Одоогоос 26 жилийн өмнө Ардын Их Хурал 76 хоногийн туршид хэлэлцэн, ард түмнийхээ саналыг асууж, ярилцан байж Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, зорилтын хүрээнд олон хуулиуд батлагдаж, өнөөгийн нийгмийн амьдралыг зохицуулж байгаа.
Үндсэн хуулийг тогтоосон хууль тогтоогчид, улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн амьдрал ахуйг үе үеийн төр засаг харж хандаж байх ёстой юм.
Өнөөдөр энд төрийн дээд цол, одонгор шагнуулсан та бүхэн болон Үндсэн хууль тогтоосон Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд алдар цолтон ахмадуудад олгодог, төрөөс үзүүлдэг хүндэтгэл, хайр хишиг, ивээлийг хүртээж байхаар өчигдөр УИХ тогтоол гаргаж, шийдвэрлэсэн.
Цаашдаа ч Үндсэн хууль тогтоолцсон хүмүүст тавих халамж анхаарлыг нэмэгдүүлэх болно.
Та бүхний ажил үйлс, амьдрал ахуй үргэлж дэлгэр байхын ерөөл дэвшүүлье” гэлээ.
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2018.01.13/ боллоо.
Ёслолд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.