Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад зориулсан “Нийгмийн сэтгэл зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр (2022.10.13) Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтад МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн зөвлөх профессор О.Мягмар “Би” - үзэл баримтлал, нийгмийн үүрэг, үнэлэмж, нийгэмд тустай зан үйл, үзүүлэх нөлөөлөл, нийгэм дэх зохисгүй зан үйлийн шалтгаан, хор уршиг сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, “Би” ба “Бидний” тухай ярилцахын учрыг тайлбарлаж, нийгмийн сэтгэл судлал нь хувь хүний хөгжлийн талаарх онол, хувь хүний сэтгэл зүйн бүрдэл, зан үйл, үйл ажиллагаа, сэдэл хэрэгцээ, үнэлэмж баримжаалал, чиг хандлага, түүний багтаж байгаа төрөл бүрийн бүлгийн нөлөөлөл, харилцаа холбоо, харилцан нөлөөлөл зэрэг онол практикийн хувьд чухал ач холбогдол бүхий олон асуудлыг танилцуулав.
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Би-гээс бид, Бид-нээс нийгэм, Нийгэм-ээс би оршин тогтонодог. Нийгэм нь харилцааны суурь ойлголт мөн гэдгийг онцлон тэмдэглэж, аливаа хүний эзэлж буй байр суурь түүнд хамаарах эрх үүрэг, амьдралын зөв хэмнэл нь хувь хүний харилцаа, хандлагын асуудалд чухал байр суурь эзэлдэг гэж сургалтын үеэр онцолж байсан юм.
Сургалт асуулт, хариултаар үргэлжилж, 100 гаруй албан хаагч оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.