Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Ундрам нар өнөөдөр (2022.10.12) Оюуны өмчийн газрын удирдлага, албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт болон тус салбарт хэрэгжиж байгаа цахим дэвшлүүдийн талаар мэдээлэл сонсож, санал солилцов. Оюуны өмчийн газар нь “Шинэ сэргэлтийн бодлого”, цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийн хүрээнд аж үйлдвэрийн өмчийн удирдлагын систем, аж үйлдвэрийн өмчийн хайлтын систем, цахим мэдүүлгийн систем, зохиогчийн эрхийн бүртгэл, хайлтын систем зэрэг цахим системүүдийг ажиллуулж байгаа бөгөөд эрхийн хамгаалалт хийгдэж, патент олгогдсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон оюуны өмчийн газарт мэдүүлсэн барааны тэмдэг, газар зүйн заалт, ашигтай загварын мэдээллийн санг цахимаар бүрдүүлж, 65 төрлийн мэдүүлгийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх боломжтой болсон байна.
Мөн дотоод үйл ажиллагаандаа тоон гарын үсгийг нэвтрүүлж, цаасан технологийг халах, нийт албан хаагчдын 20 хувийг гэрээсээ болон зайнаас ажиллуулах, оффисын зардал хэмнэх зэрэг бүтээлч үйл ажиллагааг нэвтрүүлсэн талаар болон цаашид бүртгэлийн үйл ажиллагааг “И-Монголиа” системээр дамжуулах, цахим мэдүүлгийн системд тоон гарын үсгээр ханддаг болох, үүлэн технологид шилжих, хиймэл оюун ухаан, блокчэйн нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа хэмээн Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан мэдээлэл өгөв.