Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор тогтсон.
Дээрх удирдамжийн дагуу өнөөдөр (2018.01.13) УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Н.Оюунхорол нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүтээгдэхүүнтэй танилцав.
“Цахилгааны хэмнэлттэй радиатор панел” болон “Дулаан тээвэрлэгч шингэн”-ий танилцуулгыг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны Засаг дарга Ү.Билэгсайхан хийсэн. Тэрбээр “Энэхүү халаалтын систем нь цахилгаанаар ажилладаг бөгөөд дулаан тээвэрлэгч шингэний тусламжтайгаар эрчим хүчний хэмнэлт илүү хийгдэнэ” гэв. Мөн уснаас тав дахин хурдан халдаг, түлш, цахилгаан, усанд хэмнэлттэй, нам даралтын зуух болон халаалтын системийг хөлдөхөөс хамгаалж, органик нэгдлүүдээс бүрдсэн учир хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн тайлбарлалаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэд цугларсан байсан бөгөөд өөрсдийн саналаа УИХ-ын гишүүдэд хэлсэн юм. Тухайлбал иргэн М.Даригчав “Сайжруулсан түлш илч сайтай, үнс багатай, утаа гардаг ч гэсэн хор нь бага байдаг. Гэтэл сайжруулсан түлшний үйлдвэр зогссон. Хэрвээ төр энэхүү түлшний үйлвэрийг ажиллуулах боломжгүй байгаа бол хувийн байгууллагуудад шилжүүлж сайжруулсан түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв. Мөн тус хорооны иргэн С.Сарангоо “Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Улаанбаатар хотын А бүсд байрладаг. Хэрвээ дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж үндсэн гудамжуудаар цэвэр, бохир усны хоолойг оруулж, халаалтад холбоод өгвөл айлууд өөрсдөө “хавиргалж” дулаанд холбогдохыг хариуцъя” гэсэн санал гаргалаа.
Дараа нь Ажлын хэсгийн гишүүд зуухнаас ялгарах хорт утааг зориулалтын багажаар тодорхойлдог явуулын төхөөрөмжтэй танилцав.
Ажлын хэсгийнхний очсон дараагийн газар бол Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд байрлах “Амгалан” дулааны станц юм. Тус станцын үйл ажиллагааг Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Ч.Цогтсайхан танилцуулав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар тус станц нь 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээг бүрэн хангасан. Талбай дах нүүрсний нөөц 20345 тн буюу 15 хоног, сүлжээний усны зарцуулалт 2645 тн/цаг, өгөх буцах усны даралт 8.0/2.0 ата, температур 115/58ºС-ээр станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ.
Мөн станцад цаашид хийх шаардлагатай ажлын талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөв.
Түүнчлэн “Амгалан” дулааны станцын тусламжтайгаар агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн боломж байгааг дуулгалаа. Нэгдүгээрт, дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, Баянзүрх дүүрэгт байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг “Амгалан” дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах. Хоёрдугаарт, “Амгалан” дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах. Гуравдугаарт, “Амгалан” дулааны станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай хоёр турбин зуухны блокийг суурилуулах саналуудыг хэллээ.
УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нийслэлийн бүх дүүргүүдэд ажиллаж байгаа. Өнөөдөр бид утааг бууруулахтай холбоотой асуудалд хамаарал бүхий газруудаар явж байна. Тухайлбал, “Амгалан” дулааны станц аж ахуйн нэгжүүдийн уурын зуухыг саармагжуулахад анхаарлаа хандуулахыг хүслээ. Түүнчлэн энэхүү станц нь нийт хүчин чадлынхаа 44.8 хувийг ашигладаг. Үлдэж буй 55 хувийн нөөц бололцоог ашиглахад дэд бүтцийн асуудал тулгарч байгааг тус байгууллагын удирдлагууд хэлж байна. Энэ мэт цахилгаан халаагуур, зуух, сайжруулсан нүүрс, түлшний асуудлыг үр дүнг нь гарах газруудад очиж танилцаж байна” гэлээ.
Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн хэд хэдэн газруудад ажилласан. Маргааш (2018.01.13) Налайх дүүрэгт ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.