“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хөрөнгийн үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/ болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна. Үүнд: 1)Хөрөнгийн үнэлгээг үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, аргачлалд нийцүүлэн тодорхойлох бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг холбогдох яам, төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
Хөрөнгийг үнэлэх журам, аргачлалыг баталснаар хөрөнгийг хэт зөрүүтэйгээр үнэлэх байдал багасаж, хөрөнгийн үнэлгээний аргачлалыг төрөлжүүлэх, үнэлгээчнийг мэргэшүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх, эдийн болон эдийн бус эд хөрөнгөд бодит үнэлгээ хийхэд ач холбогдолтой.
2) Нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээг хараат бус, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдийн үнэлгээнд хяналт тавих боломжийг бүрдүүлж, хөрөнгийн үнэлгээний чанар, үйлчилгээнд ахиц дэвшил гарна.
3) Хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг тусгаж, тайланг хөрөнгийн үнэ цэнэ, стандартад нийцүүлэн хөрөнгийн гажилтыг тэмдэглэж, тайлбарласан байх, гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах, тайлбар авах, мэргэжлийн байгууллагад гомдол гаргах, өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэйгээр тусгасан.
Ингэснээр хөрөнгийн үнэлгээний тайлангийн чанар дээшилж, үнэлгээчний хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, үнэлгээнд чанарын хяналт хийх боломжийг бүрдүүлэх, тайланд тодорхойлсон үнэ цэнийг гуравдагч этгээд ашиглах, өмчлөх эрхээ хамгаалах нөхцөлийг бүрдүүллээ.
4)Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн хараат бус байдлыг тодорхойлж, үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талуудын жигд оролцоог хангах, үйлчлүүлэгч, захиалагчаас бэлэг, хандив авах, эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийсэн, эсхүл эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байхаар тусгасан.
Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах бөгөөд үйлчлүүлэгч, захиалагчийн тусгайлсан шаардлагаар тухайн үнэлгээний ажлыг мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.
Мөн үйлчлүүлэгч, захиалагч нь үнэлгээний хуулийн этгээдийн санхүүгийн, эсхүл эрх зүйн зөвлөх үйлчилгээг сүүлийн хоёр жилийн хугацаанд үзүүлээгүй байх хязгаарлалтыг тогтоож өгчөө.
5)Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үнэлгээний хуулийн этгээдэд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавин ажиллана.
Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үнэлгээчинд хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг гурван жилийн хугацаатайгаар олгож, үнэлгээчнийг мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, үнэлгээчний эрхийг төрөлжүүлэх, зэрэг, дэв олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үнэлгээчинд мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр тусгасан.
6)Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тусгаж, тус байгууллагыг үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг хангах, үнэлгээчинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд байхаар хуульд шинэчлэн тусгалаа.
7)Мэргэжлийн байгууллага нь үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үнэлгээний зүйлийн үнэ цэнийг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санг байгуулан ажиллуулна. Энэ нь улсын хэмжээнд хөрөнгийн үнэлгээний талаарх нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх бөгөөд хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн оролцогчид мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлж, хөрөнгийг зөрүүтэйгээр үнэлэх явдал буурч, мэдээллийн эх сурвалж нээлттэй, ил тод байх болно. Иймд хууль батлагдсанаар бизнес, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх, үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, аргачлалыг хөрөнгийн үнэлгээнд нэвтрүүлж, хөрөнгийн үнэлгээний зах зээлийг өргөжүүлэх, эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлгээний хуулийн этгээд, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах, үнэлгээчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах ажээ.
Мөн тус дугаарт Хууль зүйн туслалцааны тухай /Шинэчилсэн найруулга/ болон Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна.
Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгажээ. Үүнд: Улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, хүүхдийн эсрэг гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүн худалдаалах гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрх зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч, гэмт хэргийн гэрч хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зэргээр хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлсэн.
Хууль зүйн туслалцаа авах үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдлыг улсын бүртгэлийн болон өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, лавлагаанд үндэслэн тогтооно. Үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь нотлогдсон тохиолдолд улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийг гаргаж үйлчлүүлэгчид өгөх эрхтэй.
Хуульд зааснаар үйлчлүүлэгч хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах бөгөөд улсын өмгөөлөгчийн татгалзсан шийдвэрийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй. Хэрэв үйлчлүүлэгч энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэйгээр хуульд тусгасан.
Хууль зүйн туслалцаа үзүүлж буй байгууллагын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, тэдгээрийн уялдаа холбоог хангахад чиглэсэн зохицуулалтыг хуульчилсан.
Хуульд улсын өмгөөлөгчийн чиг үүрэг, түүний үйл ажиллагаанд хориглох зүйл, ажиллах нөхцөлийг зааснаас гадна аймгийн төв, сум, алслагдсан дүүрэгт сүүлийн таван жил тасралтгүй ажилласан улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал олгох, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд төрийн зардлаар хамрагдах, гишүүний татвар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх, сургалтад үнэ төлбөргүй хамрагдах, цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох зэрэг зохицуулалтыг тусгалаа.
Улсын өмгөөлөгч хүрэлцээгүй үед өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх өмгөөлөгчдөөс сонгон, гэрээ байгуулсны үндсэн дээр хувийн өмгөөлөгчийг ажиллуулах зохицуулалтыг оруулсан. Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний жишгийг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй эх үүсвэрээс буцалтгүй тусламж, хандив авч санхүүжих эрх зүйн орчинг бүрдүүллээ.
Мөн бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд улсын өмгөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах, түүнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгаж болох зохицуулалтыг тусгасан. Энэ нь орон нутагт ажиллах улсын өмгөөлөгчийг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангахад бодит хувь нэмрээ оруулах болно.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн туслалцааны мэдээллийн сантай байх бөгөөд уг санг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах, мэдээлэл солилцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Хууль батлагдсанаар төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх тогтолцоог бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах эрхийг баталгаажуулах, тэдний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхээ хамгаалуулах, иргэний үндсэн эрхийн баталгааг хангахад чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд зарлигуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилж, Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.