Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан үг хэлсэн.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэхүү хуулийн дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хийх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан иргэд өөрсдийн сонирхсон асуултаа D-parliament цахим хуудсаар дамжуулан асуулт асуух боломж олгосныг онцлоод энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлэх, иргэний мэдэх эрхийг хангах, парламент Засгийн газрын үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх, иргэдтэйгээ хамтран төрийн бодлого шийдвэр, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ гэлээ.
УИХ-ын дарга “Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүн”-гийн талаарх мэдээллийг D-parliament цахим хуудсанд байршуулсан бөгөөд мэдээлэлтэй холбогдуулж иргэдээс 12 асуулт ирүүлснийг Улсын Их Хурлын Тамгын газраас нам, эвслийн бүлгүүдэд нэгтгэж хүргүүлснийг дурдахын зэрэгцээ Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, ард иргэдийн асуултад хариулах гэж буйг тодотгож байлаа.
Ингээд “Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүн”-гийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол Улсын Засгийн газраас Боловсролын багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна. Хуулийн төсөлд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, чанарыг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, Монгол хүний насан туршийн хөгжлийг хангах, боловсролын нийгэм, эдийн засгийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасныг онцолсон.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолоор нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг төлөвлөж, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 26643 хүүхэд, 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэмэлтээр 7755 хүүхдийг сургуульд хамруулснаар урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 34486 хүүхдээс 34398 хүүхдийг /99,4 хувь/ цэцэрлэгт шинээр хамруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэв.
Цогц арга хэмжээний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа явуулах материаллаг орчныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багшийн хэрэгцээг судалж, шийдвэрлэхээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийслэлд 978 багшийн хэрэгцээ үүсэж байна. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор цэцэрлэгийн 1000 туслах багшийг цахим, танхим хослуулсан сургалтаар хоёр үе шаттай бэлдээд байгааг онцоллоо.
Монгол Улсын боловсролын чанарыг дэлхийн улстай харьцуулах, боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор олон улсын PISA үнэлгээнд 2022 онд хамрагдлаа. Тус үнэлгээнд хот, хөдөөгийн 195 сургуулийн 7300 суралцагчийг түүврийн аргаар сонгон хамруулсан. Энэ удаагийн судалгаанд Монгол Улс анх удаа оролцож байгаа бөгөөд 15 настай суралцагчдын математик, байгалийн ухаан, уншиж ойлгох чадвар болон бүтээлч сэтгэлгээний мэдлэг, чадварыг үнэлэх шалгалт, судалгааг компьютерт суурилсан хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Олон улсын байгууллагаас судалгааны нэгдсэн үр дүнгийн тайланг 2023 оны 12 дугаар сард гаргаж нийтэд танилцуулна гэдгийг Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ дурдсан.
Түүнчлэн тэрбээр, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бага боловсролын 13 сургалтын хөтөлбөр, суурь боловсролын 22 сургалтын хөтөлбөр, бүрэн дунд боловсролын 30 сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөдөр сургалтад ашиглагдаж байгаа 145 сурах бичигт дүн шинжилгээ хийж ажиллалаа. Боловсролын түвшин, анги хоорондын агуулгын уялдаа холбоо хангалтгүй, агуулга, арга зүй нь амьдралд нийцтэй байдал учир дутагдалтай, үнэлгээ нь хөтөлбөрт туссан шинэлэг агуулгатай зөрчилддөг зэрэг агуулгын болон арга зүйн зөрчил дутагдлууд их байна. Хөтөлбөрийн арга зүйд сэргээн санах, ойлгох, хэрэглэх түвшний чадварыг түлхүү дэмжсэн, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх түвшний чадварыг дэмжсэн дасгал даалгавар цөөн боловсруулсан байгааг тогтоогоод байна гэлээ.
Багш нарын цалингийн зэрэглэл, шатлалд өөрчлөлт орууллаа. Багш нар ажилласан жилээс үл шалтгаалан цалинжих болсноор суурь цалин 34 хувиар нэмэгдэж, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг нь хангах нөхцөл бүрдэж байгааг Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ багш мэргэжлийн хөгжлийн зардлаа хэрэгцээндээ нийцүүлэн өөрөө зарцуулдаг, сонгож суралцдаг болсон бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд хувьсах зардлын тодорхой хувийг багшийн мэргэжлийн хөгжилд зориулан зарцуулах боломж бүрдлээ. Багшийн нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын ачааллыг гүйцэтгэлд тооцох, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахын тулд хувьсах зардлын бүрэлдэхүүнд ангийн хүүхдийн тооноос хамаарсан нэмэгдлийг шинээр тусгаж, багшийн хөгжлийн зардлыг багш бүрээр тооцон олгодог болсон гэв.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны төсвийн жилд нийт 1,465.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих 356.9 тэрбум төгрөг бүхий 430 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Эдгээрээс ерөнхий боловсролын сургуулийн барилга, байгууламжийн 124, цэцэрлэгийн барилга, байгууламжийн 154 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, дундаж гүйцэтгэл 58.2-62.4 хувьтай байна. Нийт 4 жилийн хугацаанд 200 сургууль, 273 цэцэрлэг ашиглалтад оруулах зорилт тавьсан бөгөөд 2020-2022 онд 100 сургууль, 123 цэцэрлэг ашиглалтад орох боломж бүрдэнэ. Ирэх 2023-2024 онуудад он дамжин хэрэгжиж дуусгахаар төлөвлөж буй 94 сургууль, 128 цэцэрлэгийг байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хүн амын тооны өсөлтийг дагаад ерөнхий боловсролын 41 сургуулийн ачаалал эрс өсөж, нийт 261 бүлгийн 12,163 хүүхэд гурав дугаар ээлжид хичээллэх эрсдэл үүссэн байсныг 12 сургуулийн 169 бүлгийн 6510 хүүхдийн хичээл сургалтыг хувийн хэвшилтэй хамтран сургуулийн байр түрээслэн зохион байгууллаа гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
“Үдийн хоол” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчид үе шаттайгаар хамрагдах ёстой боловч “КОВИД-19” цар тахлаас үүдсэн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бага ангийн сурагчдыг хамруулж байгааг Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ онцлоод өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 371480 хүүхдэд улсын төсвөөс үдийн хоолны үйлчилгээг тэгш хүргэсэн. Гэсэн хэдий ч 21 аймгийн 488 ерөнхий боловсролын сургуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын орчин бүрдэж чадаагүй байна. Мөн хоолны газаргүй, сургуулийн барилга дахин баригдаж буй гэсэн нөхцөл шалтгаанаас үүдэн таван аймгийн 11 сургууль, нийслэлийн 17 сургуульд 27094 сурагч үдийн хоолны үйлчилгээнд бус, бэлэн бүтээгдэхүүн буюу үдийн цайны үйлчилгээг авсаар байна гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэлдээ, Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индексийг нэвтрүүллээ. Хөтөлбөрийн индексийн шинэчлэлтэй уялдуулан хийсэн судалгаагаар их, дээд сургуулийн өдөр, эчнээ, экстернат хэлбэрийн 1095 хөтөлбөрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангаагүй 13 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Засгийн газраас дээд боловсролын чанарыг сайжруулах, судалгааны их сургуулийг хөгжүүлэх чиглэлээр төрийн өмчийн 6 их, дээд сургуулийг нэгдсэн удирдлагатай болгож, дундын удирдах зөвлөлийг байгууллаа. Энэ зөвлөл нь их, дээд сургуулийн сургалтын чанар, эрэмбийг олон улсын түвшинд хүргэх, олон улсад өрсөлдөх чадамжтай мэргэжилтнийг бэлтгэхэд төрийн өмчийн их, дээд сургуулийн стратеги, бодлого, үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ гэдгийг дурдсан.
Дэлхий нийтээр технологийн дэвшлийг ашиглан сургалтын байгууллагын хэв шинжүүд өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын цахим сургуулийг хөгжүүлэх эхлэлийг тавилаа. 2022 оны 2 дугаар сараас цахим сургууль хөгжүүлэх туршилтыг эхлүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хот, хөдөөгийн 15000 орчим 10 дугаар ангийн суралцагч ирээдүйд эзэмших ажил, мэргэжлийн дагуу хичээлээ сонгон цахимаар судлах боломж бүрдсэнийг салбарын сайд онцлон тэмдэглээд цахим сургуульд гадаадад оршин суугаа Монгол хүүхдүүд эх хэлээ сурах, түүх, зан заншил, соёлоо уламжлан өвлөх, ерөнхий боловсрол дүйцүүлэн эзэмших боломжтой. Өөрөөр хэлбэл, цахим сургууль нь ирээдүйн сургалтын байгууллагын шинэ хэв шинж, загвар болон хөгжинө гэж байлаа.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс хийсэн дүгнэлтийг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улс орнуудын эдийн засаг, үйлдвэрлэлд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувь, үнэ цэн өдөр өдрөөр үлэмж нэмэгдсээр байхад биднийх улам бүр уруудаж, уул уурхай, нүүрс, зэснээс хамааралтай болсоор байна. Энэ бол бид хөршүүдээсээ хэд дахин илүү бага мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг харуулж буйг онцлов.
Уул уурхайгаас олсон мөнгөө уралдаж тараасаар халамждаа идүүлж буй эдийн засгийн бүтэц бол дараагийн сонгуульд яаж ялах вэ? Улс төрийнхөө насыг яавал уртасгах вэ гэх урхагтай бодлогын үр дүн. Яг энэ бодлогыг их, дээд сургуулиуд дээр тасралтгүй явуулсан. Үр дүнд нь бүгд диплом цуглуулсан ч хөдөлмөрийн зах зээл дээр гараад өрсөлдөх чадваргүй байгааг олон нийт хэлдэг. Ажилд авсан газар нь ахин мэргэшүүлдэг, зарим нь гадаад руу явж дахин сурдаг, ихэнх нь тэс өөр дээд боловсрол шаардлагагүй ажил хийдэг нийтлэг дүр зураг бий болоод багагүй хугацаа өнгөрлөө. Халамж, чанаргүй дээд боловсролтой нийлснээр бий болсон хөдөлмөрийн зах зээлийн бүхий л салбарт хүндрэл, бэрхшээлийг дагуулж байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга танилцуулгадаа тодотголоо.
Дунд сургуулиудын орчин, хичээлийн болон дотуур байр, ариун цэврийн асуудал зэрэг материаллаг асуудал руу энэ Засгийн газар хичээл зүтгэл гаргаж байгаа. Гэвч сургалтын хөтөлбөр, арга зүй, мэргэжлийн багшийн хангалт зэрэг дээр хангалтгүй ажиллаж байна. Тархи бол мэдлэг үйлдвэрлэх машин. Боловсрол бол мэдлэгийг үйлдвэрлэхэд шаардлагатай оюуны үйлдлүүдийг алдаа мадаггүй ажиллуулах чадвар гэж үзэх хандлага дэлхий нийтэд ноёлж эхэллээ гэдгийг О.Цогтгэрэл гишүүн тэмдэглээд бүх хүүхдэд ижил мэдлэг олгож, адил шалгуур тавьж шалгадаг хуучны социалист маягийн боловсролын хэв маягаас татгалзаж хувь хүүхэд бүрийн онцлог ялгааг хөгжүүлэхэд чиглэдэг боловсролын тогтолцоо рүү бүх нийтээрээ шилжих шаардлагатайг дурдлаа.
Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэх, сугалаагаар биш цэцэрлэгт орох боломжийг бүрдүүлэх гэх мэтээр суурь ажлуудад идэвх, санаачилгатай ажиллаж буйг сайшаах нь зүйн хэрэг. Хүүхдийн сурлагын амжилт орчин нөхцөл, сайн багш, сайн хөтөлбөрийн огтлолцол дээр явдаг. Иймээс багш мэргэжлийн үнэлэмж, үнэ цэнийг өсгөх, сайн хөтөлбөр, арга зүйг сонгож тууштай хэрэгжүүлэхэд улам их анхаарах шаардлага байгааг тодотгоод сайд нь явсан ч сайн ажил, шинэчлэл нь үлддэг, нам нь солигдсон ч бодлого нь солигддоггүй, аргалж, гал унтраасан алга ташилтаар ажил нь үнэлэгддэг биш чигээ болгон барьж буй бодлогыг хэрхэн хэрэгжүүлснээрээ хэмжигддэг тийм жишгийг тогтооход санаачилга гарган ажиллаасай гэж салбарын сайд, Ерөнхий сайд, Засгийн газар, эрх баригчдаас хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа, С.Ганбаатар, Б.Бейсен, Ж.Батсуурь, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэллээ.
Гишүүдийн зүгээс боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйг илүүтэй тодруулахын зэрэгцээ хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын насыг долоо болгоход бодлогын арга хэмжээ авч буй эсэх, их, дээд сургуулийн сургалт, чанар сул байгаа шалтгааныг лавлаж байв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариултдаа, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. 2023 оны төсвийн урсгал зардлын 14 орчим хувийг зарж байгаа зэргээр тоо яриад байгаа юм. Энэ үзүүлэлтээр бол боловсролоороо тэргүүлдэг улс орнуудыг жишигт хүрсэн. Гэхдээ өөр нэг үзүүлэлтийг харах ёстой. Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490 мянган төгрөг. Гэтэл нэг хүнд ногдож буй боловсролын зардал нь 180 ам доллар гэдэг буурай орнуудын тоонд ордог үзүүлэлт. Өнөөдөр эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлдэг улсад энэ зардал хүний 8000 ам.долларт хүрсэн гэв.
Мөн малчны хүүхдүүд долоон насандаа сургуульд орох эрх нь нээлттэй байгааг тодотгохын зэрэгцээ малчид, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг сурах өөр хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд зориулсан боловсролын хувилбарт сургалтууд байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж байлаа. Түүнчлэн их, дээд сургуулийн тогтолцооны гажуудлыг судлахаар ажлын хэсгүүд гарч ажилласан. Их, дээд сургууль төгссөн зургаан оюутны дунд нэг л ажлын байр оногдож байхад Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн сургууль төгссөн хоёр хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байгаа. Их, дээд сургууль дипломгүй ажилгүйчүүдийн арми бэлтгэдэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид хэдэн их, дээд сургуулийг эрхийг цуцлаад энэ асуудлыг цэгцлэхгүй гэдгийг тодотгож байлаа.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Дараа нь Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, Н.Энхболд, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Батлут, П.Анужин, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, С.Ганбаатар, С.Чинзориг, Б.Бейсен, Ц.Туваан, А.Адъяасүрэн нар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-т заасан шаардлагыг хангасан талаарх санал хураалтыг явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг танилцуулав
Хуралдаан “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууныг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж буйг дурдсан байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ыг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэн.
Дараа нь “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай заасан бөгөөд мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт “Монгол Улсын Их Хурал энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсныг дурдав.
Мөн Монгол Улсын Их Хурлын “Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай” 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэгийг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Т.Энхтүвшинг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцаг нарыг сонгосон тул Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах шаардлага гарсныг танилцуулгадаа дурдсан.
Түүнчлэн “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолж байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ыг тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах асуудлыг танилцуулж байгаагаа дурдсан.
Засгийн газрын тэргүүний танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.