Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Монгол Улсад анх удаа улсын төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хяналтыг сайжруулна

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.07) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

 

Төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Төсвийн хууль бол Монгол хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас олон нийтийн хяналт, оролцоо хамгийн чухал. Төсвийн байнгын хорооноос санаачилж, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төсөв дэх оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишиг тогтоно. Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан байна гэх шүүмжлэл гардаг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бүрдүүлнэ. Иймд иргэд, иргэний нийгмийн байгууллага, судлаач, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалж байна.” хэмээн онцлон тэмдэглэлээ.  

Мөн ирэх жилийн төсвийн хуулиар төрийн байгууллагууд тэр дундаа аймаг, сумдад нэмэлт орлого олох, захиран зарцуулах боломжийг олгохыг зорьж байгаа. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулж, төсвийн болон төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийгдэнэ. Эдийн засгийг тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээнд төсвийн реформ, орлогын реформ, зарлагын реформ багтаж байгаа гэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг даваа гарагт D-Parliament” цахим хуудсанд байршуулсан бөгөөд “Цахим төсөв” төслийн хэлэлцүүлгийг өрнүүлэх боломжтой.

Иргэд төсвийн төсөлд “D-Parliament” цахим хуудас, [email protected] мэйл хаягаар болон 51-262727 утсаар саналаа ирүүлэх бөгөөд саналыг аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд нээлттэй авах юм байна.

Ташрамд тэмдэглэхэд, ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан “D-Parliament” цахим хуудсанд өнөөдрийн 13 цагийн байдлаар ирсэн саналууд дотор улсын өрийн дарамтыг бууруулах, үргүй зардлуудыг хэмнэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох талаарх асуудлууд дийлэнх хувийг эзэлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хавсралт видео

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл