Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ном хэвлэгдлээ

 

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэйгээр мэдээлж, сурталчлах зорилгоор УИХ-ын Тамгын газраас чуулган бүрээр эрхлэн гаргадаг ээлжит ном хэвлэгдлээ.

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулгад чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон Байнгын, Дэд, Түр хороодын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж, хэчнээн хууль тогтоолууд баталсан талаарх мэдээлэл, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэллээ. Мөн ээлжит чуулганы нээлт, хаалт дээр УИХ-ын даргын хэлсэн үг, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэлсэн.

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, нийт 341 хууль, 44 тогтоол баталсан.  


 

Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 28 гишүүн 123 асуудлаар 20 удаа асуулга, Улсын Их Хурлын 5 гишүүн 17 асуудлаар 5 удаа асуулт тавьсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд  хандаж 429 удаа асуулт тавьж, хариулт авчээ.

 

Олон нийтэд зориулсан уг танилцуулгад УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганаар баталсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай (Шинэчилсэн найруулга), Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Далай ашиглах тухай (Шинэчилсэн найруулга), Хөрөнгийн үнэлгээний тухай (Шинэчилсэн найруулга), Зөвшөөрлийн тухай (Шинэчилсэн найруулга), Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай (Шинэчилсэн найруулга), Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн танилцуулга  зэрэг болон дээрх хууль тогтоомжийн талаарх инфографикууд нийтлэгдлээ.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын, Дэд хороодын хуралдааны талаарх тоон үзүүлэлт бүхий тойм, УИХ хянан шалгах чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх танилцуулга болон Байнгын хороодын үйл ажиллагааны мэдээллүүд, УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга, асуултууд, хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалт, батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, сонгогчдод цэгцтэй, бодитой ойлголт өгөх үүднээс бэлтгэсэн инфографик, холбогдох гэрэл зураг, бусад мэдээллүүдийг нийтлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл