Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стив Чаботтай уулзлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д айлчлах үеэрээ Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стив Чаботтай 09 дүгээр сарын 29-ний өдөр уулзав.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд АНУ-ын Конгресс дахь Америк-Монголын бүлгийн хамтран даргалагчаар томилогдсонд баяр хүргэлээ.

Талууд 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт, Анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болон  хоёр орны стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээх асуудлаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын талаар товч танилцуулахын зэрэгцээ АНУ-тай эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, цахим харилцаа болон холбооны аюулгүй байдал зэрэг чилэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар энэ үеэр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчин, Дотоодын аюулгүй байдал, Гадаад хэргийн хорооны гишүүд Монгол Улсад айлчлахдаа Улсын Их Хурлын  дарга болон гишүүдтэй уулзаж, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал алхам хийснийг тэмдэглээд Улсын Их Хурал, Байнгын хороодын зүгээс тус улсын Конгресс, Америк-Монголын бүлэгтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Стив Чабот хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл