“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн бөгөөд эдгээр хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга; 7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд; 18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;” гэсэн заалт нэмсэн бол Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд “1/Эдийн засаг, хөгжлийн яам; 5/Байгаль орчин, аялал жуулчлалын яам; 6/Батлан хамгаалах яам; 12/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;” гэсэн заалтыг нэмсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тухайн хуульд Засгийн газар хилийн боомтын, олимп, нийтийн биеийн тамир, спортын болон нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан Үндэсний хороог байгуулж болно гэсэн зүйл нэмсэн ба Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн: 1/Эдийн засаг, хөгжлийн яам; 2/Гадаад харилцааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүй, дотоод хэргийн яам; чиглэлийн: 5/Байгаль орчин, аялал жуулчлалын яам; 6/Батлан хамгаалах яам; 7/Барилга, хот байгуулалтын яам; 8/Боловсрол, шинжлэх ухааны яам; 9/Зам, тээврийн хөгжлийн яам; 10/Соёлын яам; 11/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам; 12/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; 13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; 14/Цахим хөгжил, харилцаа холбооны яам; 15/Эрчим хүчний яам; 16/Эрүүл мэндийн яам.” тус тус байхаар заажээ.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Ажлын хэсэг байгуулах тухай, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Ажлын хэсэг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны дүнд үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг 1/Зохион байгуулалтын; 2/Дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийгмийн зөвшилцөл хэрэгжүүлэх улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн; 3/Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын гэсэн ажлын 3 дэд хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал” гэсэн хэсгийн “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэсний дараа “Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд”, “Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд”, “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэж, “Засгийн газрын тохируулагч агентлаг” гэсэн хэсэгт Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд “7.Биеийн тамир, спортын улсын хороо;” гэж тус тус нэмжээ.
Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор 1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг; 2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Батсүхийн Саранчимэгийг; 3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Гомпилдоогийн Мөнхцэцэгийг; 4/Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Баагаагийн Баттөмөрийг; 5/Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Энхбаярын Батшугарыг; 6/Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Пүрэв-Очирын Анужинг; 7/Төсвийн байнгын хорооны даргаар Ганзоригийн Тэмүүлэнг; 8/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Төмөртогоогийн Энхтүвшинг; 9/Хууль зүйн байнгын хорооны даргаар Лхагвын Мөнхбаатарыг; 10/Эдийн засгийн байнгын хорооны даргаар Цэдэндамбын Цэрэнпунцагийг сонгож, Улсын Их Хурлын Байнгын хорооны даргын үүрэгт ажлаас дараах Улсын Их Хурлын гишүүдийг чөлөөлжээ. Үүнд: 1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Баагаагийн Баттөмөрийг; 2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Хаянгаагийн Болорчулууныг; 3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Гонгорын Дамдиннямыг; 4/Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг; 5/Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ням-Осорын Учралыг; 6/Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэгийг; 7/Төсвийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатарыг; 8/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Баттогтохын Чойжилсүрэнг; 9/Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогтыг; 10/Эдийн засгийн байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатарыг.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлжээ.
Түүнчлэн тус эмхэтгэлд Шүүгчийн албан тушаалд томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд Шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигаар Дүгэрхүүгийн Эрдэнэчимэгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зарлигуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилж, Монгол Улсаас Туркменистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Туркменистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.