Донорын
тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.01.09/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох зэрэг эрсдэлүүдийг хаах талаар төсөлд хэрхэн тусгасан, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба донорын эрхтэн хуваарилахдаа танил талдаа үйлчлэх явдал гаргахгүй байхад хэрхэн анхаарах талаар лавлаж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, хүний эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүх эрсдэлүүдийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан болохыг онцолсон. 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн амь насаа алдсан иргэн хэдийгээр эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байсан ч эд, эрхтнийг шилжүүлэн суулгахын тулд ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авах заалт оруулжээ.
Шилжүүлэн суулгах эрхтнийг ар өврийн хаалгаар бусдад өгөх асуудал байхгүй гэдгийг Ажлын хэсгээс тодруулж хэлсэн. Донороос авсан эд, эрхтэн хүн бүрт таарах боломжгүй, эмнэл зүйн шинж тэмдэг нь таарсан хүнд л шилжүүлэн суулгах учиртай гэдгийг тодотгосон.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа ямар үр дүнтэй байгааг лавлаад, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс болоод эрхтнээ өгсөн доноруудад үзүүлэх дараагийн шатны асаргаа сувилгаанд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Ажлын хэсгээс хариулснаар, жилд 300 гаруй хүн гадаадад эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр явдаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо эрс цөөрсөн байна. 2016 онд дөрвөн хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар гадагшаа явсан бол, 2017 онд элэг шилжүүлэн суулгуулахаар таван хүн л гадаад орныг зорьжээ. 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөөд байгаа аж. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаар дэлхийн түвшинд яваа гэлээ.
Дараа нь Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй саналуудтай холбоотой гарсан гишүүдийн саналыг Ажлын хэсгээр дахин хэлэлцэн Байнгын хорооны хуралдаанаар ахин хэлэлцэж эцэслэхээр тогтлоо.
Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Дараа нь Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.
Манай оронд хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ.
Сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр 4800 орчим хүн хорт хавдраар өвчилж, 3400 гаруй хүн нас баржээ. Өвдөж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь 45-59 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна хэмээн төсөл санаачлагч хэллээ.
Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм байна.
Тиймээс хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг хамруулж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх шаардлага байгааг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эрүүл
мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 40 ба
түүнээс дээш насны, элэгний В,С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай
иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40 бас
түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх
үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа хамруулах, 30-60 насны эмэгтэйг умайн
хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг
удаа, 50 ба түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх
үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт
илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар тусгасан байна.
Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд
иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад,
үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар
тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гээд заасан. Мөн нийтийг хамарсан аян хэлбэрээр зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй гэж заасан болохоор баталсан хуулиа мөрдөөд явах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийн багцыг нэмэгдүүлэх асуудлыг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдээд явах боломжтой гээд хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний шинэ багц оруулах тухай асуудлыг удахгүй ЭМЯ-аас Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгээд байгааг мөн дуулгасан.
Дараа нь дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн үзэл баримтлалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл болгож сар бүр 150-200 мянган төгрөг олгодог.
УИХ Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийг 2008 онд баталж, тус хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг УИХ-ын 2008 оны 33 дугаар тогтоолоор, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжүүлж байсан.
Энэ арга хэмжээнд нийт алдар цолтой 2440 ахмад настан хамрагдаж, 4.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан гэлээ.
УИХ-аар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна.
Тиймээс энэхүү хуульд нийцүүлэн алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуусны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.