Цэс

Холбоо барих

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өчигдөр /2022.09.19/ Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцаж, Сахилгын хорооны гишүүдтэй цаг үеийн асуудлаар санал солилцов.

Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн байгууллагынхаа үйл ажиллагаа болон үйл ажиллагаа явуулахад тулгарч буй зарим асуудлын талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарт танилцууллаа. Нэн түрүүнд стандартын шаардлага хангасан өөрийн байртай болох хэрэгтэй байгааг онцолж байв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шинэ тутам байгуулагдаж, чиг үүргээ хэрэгжүүлээд удаагүй байгаа ч үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглээд, цаашид Хууль зүйн байнгын хорооноос Сахилгын хороонд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, нягт уялдаа холбоотой ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн байгууллага юм. Тус хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд шүүгч дөрөв, шүүгч бус таван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм,

Шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ. Үүнээс гадна, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнтэй холбоотой ёс зүйн өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хянан шийдвэрлэх журмыг хараат бус, бодитой байх зарчимд нийцүүлэн батлах чиг үүргийг Шүүхийн сахилгын хороо хэрэгжүүлдэг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл