Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2022.09.07) Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онд Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг уулзалтын эхэнд онцлов.
Тэрбээр, Монгол, Лаосын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв.
Мөн БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас Монгол Улсын Их Хуралд хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд бэлэглэсэн. Эдгээр модон эдлэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдаж БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей болон түүний найрсаг ард түмэнд талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Сайсумфон Фомвихан-ыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пантавонг Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр, Лаос, Монголын 60 жилийн түүхтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг хэмээгээд энэ завшааныг ашиглан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Сайсумфон Фомвихан-ы мэндчилгээг уламжлав.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пантавонг энэ сард хийхээр төлөвлөж буй хоёр улсын парламентын дарга нарын цахим уулзалтаар хамтын ажиллагааны олон асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэх асуудал чухал болохыг тэмдэглээд парламентаас дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэв. Мөн АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаа гэлээ.
Түүнчлэн Лаос Улсын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь Лаос Улсын тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтойг онцлов. Цаашид Монгол Улс, БНАЛАУ, БНХАУ хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх ажил байгааг дурдлаа.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.