Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 26 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тэдгээр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, мөн тогтоолд оруулсан нэмэлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

Мөн дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай зарлигуудыг нийтэлсэн ба тус зарлигуудаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Готовын Уламбаярыг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Ёндонгийн Цогтзанданг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.   

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг  баталсныг нийтэлсэн байна.  Тус журмаар аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг байгалийн ургамал, ан амьтан, газар, ус, рашаан, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлэх, төсвийн суурь зарлагад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг тусгах, зарцуулах, тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.

Мөн эмхэтгэлд  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл